Олимпын аварга Э.Бадар-Ууган МҮОХ-ны эзэмшлийн газарт буюу “Өөжин мед” үр шилжүүлэн суулгах төвийн ард талд 20 давхар бүхий “Нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээний цогцолбор”-ыг бариулахаар барилгын ажлаа эхлүүлсэн нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр тухайн барилгыг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулж, барилгын ажлыг зогсоож, барилга барих зөвшөөрлийг нь цуцлахыг шаардлаа.
ВИДЕО:
Иргэдийн мэдээлж буйгаар Олимпын аварга Э.Бадар-Ууган “Өөжин” ХХК-аараа дамжуулан “Нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээний цогцолбор” нэрээр 20 давхар, хоёр блок барилга барих гэж байгаа нь ойролцоо байрлах барилгуудад нөлөөлж, нурах эрсдэл үүсэж болзошгүй байгаа аж. Учир нь өдгөө барилгын суурийг ухах явцад доргилт үүсэж, чичирхийлэл мэдэгдэж эхэлсэн байна. Тиймээс иргэд өөрсдийн амьдарч буй барилгаас ердөө 9 метр хүрэхгүй зайд хаяа нийлүүлэн босох барилгыг барихыг эсэргүүцэв.
Иргэд "Хэрэв энэхүү барилга сүндэрлэж эхэлбэл "Авлига" хороолол шиг асуудал үүсэх болно. Тиймээс нэн даруй барилгын ажлыг зогсоож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлөө хүчингүй болгохыг шаардаж байна. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн тулд нэгдэн нийлж, тэмцэж буй иргэдийг улстөржүүлж, харлуулах ажиллагааг зохион байгуулж байгаа хүмүүс байна. Бид өр зээл болж, орон сууц худалдан авсан. Гэтэл тухайн барилга нь хууль зөрчсөн эрх мэдэлтнүүдээс болж, нурах эрсдэлд орж магадгүй болоод байна. Монгол Улсад хууль үйлчлэх ёстой. Гэтэл барилгын норм дүрэм зөрчиж, хэдхэн хүний эрх ашгийн төлөө нийтийн эрх ашгийг хөндөж болохгүй. Тиймээс Олимпын аварга Э.Бадар-Ууганы компанид барилга барих зөвшөөрөл олгосон хүмүүс энэхүү шийдвэрээ эргэн харахыг хүсэж байна. Мөн уг асуудалтай холбоотойгоор АТГ болон холбогдох байгууллагад нь гомдол гаргасан байгаа. Хэрэв бидний шаардлагыг биелүүлэхгүй бол дараагийн шатны арга хэмжээг авах болно" гэлээ.