"Хотын дарга Д.Сумъяабазарын албан тушаалаасаа огцрох хүсэлт"-ээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар дөнгөж сая хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдөж байгаа тухайгаа мэдээлж, нийслэлчүүдийгээ бухимдуулсандаа уучлалт гуйлаа.
ВИДЕО:
Энэ талаар тэрбээр "Би Улаанбаатар хотод эрүүл эдийн засаг, эрх зүй, засаглалтай байх ёстой гэсэн бодлогыг зорилгоо болгож, УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзаж, ажлаа авсан. Төрж өссөн хотынхоо төлөө ингэж ажиллахаар шийдсэн. Улаанбаатар хотод 30 жилийн хугацаанд үүссэн нөхцөл байдлыг хөгжлийн зөв шатанд гаргах эрмэлзэлтэйгээ хэлж байсан. Ер нь хотын асуудлыг шийдэхэд УИХ дахь МАН-ын бүлэг, Засгийн газрын дэмжлэг, институт хоорондын уялдаа холбоог ойртуулахад анхаарна гэдгээ хэлж байсан. Тиймээс Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд УИХ, Засгийн газрын дэмжлэгтэй ажиллах боломжийг бүрдүүлсэн. Өмнө нь ийм боломж гарч байгаагүй. Иймээс Хөгжлийн түр хороог байгуулалцаж, олон ажил хийсэн. Эрх зүйн реформыг хийхгүйгээр Улаанбаатарыг босгож ирнэ гэдэг үнэхээр амаргүй ажил гэдгийг хэлмээр байна.
Хот анх удаа бонд гаргахаар шийдсэн. Хотын хууль хэзээ ч УИХ-ын босгыг давж байгаагүй. Энэ жилүүдэд давсан. Олон зүйлийг би иргэд болон дэмжигч нарынхаа хүчээр давж, ард нь гарч байсан. Энэ жил өвөлжилтийн бэлтгэлийг хангах ёстой. Дулааны улиралд зам засварын ажлаа хийж амжих хэрэгтэй. Сэлбэ гол дагуух бүтээн байгуулалтыг ч яаралтай байгуулах шаардлагатай. Хотын төсөвтэй холбоотой асуудал удахгүй хэлэлцэгдэнэ. Гэх мэт ажлууд тасралтгүй явах ёстой. Ийм байр сууриар Ерөнхий сайдтай ярилцаж, дараагийн хотын даргыг өөрийн зүгээс томилох нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргалаа.
Д.Сумъяабазартаа биш. Нэг хүний асуудалтай зууралдаж суух цаг биш. Одоо олон асуудал эхэлнэ. Иймд аль болох хугацаа алдахгүйн тулд энэ шийдвэрийг гаргаснаа хэлмээр байна. Жишээ нь түгжрэлийн асуудал зөвхөн зам юм уу барилга биш. Цогц асуудал. Дунд болон урт хугацааны бодлого. Иймд уртдаа шийдэгдэх л ёстой. Амаргүй хүнд үетэй нүүр тулсан. Олон асуудлыг олон талтай хамтарч ажиллаж давлаа. Хот бол нэг намын, нэг хүний асуудал огт биш. Заавал УИХ-ын түвшинд нь авчирч байж Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийднэ. Энэ хуулийг заавал батлуулах нь хөгжилд маш том суурь нөхцөл болно гэдгийг захиж хэлмээр байна. Манай хотын амьдрал зогсож болохгүй. Нийслэлийн хөрөнгө оруулалтыг 420 тэрбумаас бууруулахгүй байх энэ тогтоолыг хэвээр үлдээх нь мөн чухал. Өнөөдрийг хүртэл намайг шударга шүүмжилж, хурцалж, ирлэж байсан хэвлэл мэдээллийн байгууллагадаа баярлалаа.
Автобусны тендерийн тухайд хот өөрийн эрх зүйн хүрээнд л зохион байгуулсан. Тэнүүн-Огоо нь байна уу, Эрдэм транс нь байна уу мэдэхгүй. Д.Амарбаясгалан дарга өөрөө уулзуулж, захиж байсан юм шүү. Процесс дээр нь алдаа гарсан юм байна. Иргэдийг бухимдуулсандаа уучлал хүсье. Бүр нууж хаасан бол буруу. Харин иргэд өөрсдөө танилцаг, таалагдахгүй бол буцаая гэдэг нээлттэй байр суурь баримталсан. Нийтийн тээврийнхэн захиалагчаа дутуу хянасан асуудал байсан юм билээ. Хот гэдэг бол нийт Улаанбаатарчуудын эрх ашиг тул хүн бүхний шүүмжлэлийг эрүүл ухаанаар хүлээж авч явдаг байсан.
Мөн намайг дэмжиж ирсэн нийт төрийн албан хаагчдадаа, хотын иргэддээ үнэхээр их талархаж буйг минь хүлээж аваарай. Хотын минь амьдрал ая тухтай, сайн сайхан байхын төлөө дараагийн Засаг дарга ажиллах учиртай. Ер нь их хэцүү юм билээ. Би УИХ, Засгийн газрын түвшинд ажиллаж байсан. Маш олон хүний эрх ашиг оролцсон, их зовлонтой бөгөөд хүнд ажил юм билээ гэдгийг хэлье. Дараагийн ирэх хотын даргаа хайрлаарай. Дутуу дулимаг хийсэн бүгддээ уучлал хүсэж байна" гэлээ.