ЗТХТ: Ховд аймгийн зам дээр асфальтбетон хучилт хийгдээгүй. Хучилтыг хамгаалах давхаргын шинэ технологи нэвтрүүлсэн

ЗТХТ: Ховд аймгийн зам дээр асфальтбетон хучилт хийгдээгүй. Хучилтыг хамгаалах давхаргын шинэ технологи нэвтрүүлсэн

Ховд аймгийн төвд шинээр барьсан зам хуурч эвдэрсэн гэх мэдээлэл зарим мэдээллийн сайт болон, цахим сүлжээнд нийтлэгдэх болсонтой холбогдуулан ЗТХТ-наас мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд, Ховд аймгийн нисэх буудлаас аймгийн төв хүртэл авто зам 5,33км, нисэх буудлын авто зогсоол /2983м2/ буюу нийт /53057,84м2/ замыг Орон нутгийн авто замын сангийн хөрөнгөөс 934 сая төгрөгийг зарцуулж Монгол Улсад анх удаа “Slurry seal” технологийн хамгаалалтын бүрхүүл тавих ажлыг Ховд аймгийн АЗЗА гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлсэн.  Тодруулбал, 0-5 мм хэмжээтэй чулуун материалыг тусгайлан бэлдсэн барьцалдуулагч бодистой хольж 1-2 см хамгаалах бүрхүүл зам дээр дэвсэх аргаар хийсэн.  Энэ нь замын насжилтыг 5 хүртэл жилээр уртасгадаг. Энэ технологийг  сүүлийн жилүүдэд олон улсад өргөнөөр ашиглаж байгаа.

Гэтэл үүнийг шинээр чанаргүй зам барьсан мэтээр төөрөгдүүлж байгаа нь бодит байдалд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл барьж байгуулаад 15-аас дээш жилийн насжилттай зам дээр хамгаалалтын бүрхүүл үүсгэхэд дээрх санхүүжилтийг зарцуулсан болно.  Өнөөдрийн байдлаар шинээр 7.5 км авто зам байгуулахад дунджаар 8-9 тэрбум төгрөг шаардагдах ба цаашдын арчлалт, хамгаалалтад мөн өндөр зардал шаардана.

Тодруулбал улсын хэмжээнд байгаа нийт авто замын ээлжит засварт 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа Тэгвэл энэхүү технологи нэвтэрснээр үлэмж хэмжээний зардлыг хэмнэх ба замын насжилтыг уртасгах онцгой ач холбогдолтой.

Энэхүү ажлыг гүйцэтгэх явцад Монгол орны цаг уурын онцлог, хөрсний шинж чанар бүтэц найрлагаас шалтгаалж 1,1 км орчим хэсэг дээр дутагдал илэрсэн бөгөөд “Зам, Тээврийн Хөгжлийн Төв” ТӨҮГ-ын холбогдох ажилтнууд, гадаадын мэргэжилтнүүдтэй хамтарсан ажлын хэсэг байгуулж дутагдлыг залруулах ажлыг газар дээр нь зохион байгуулж байна.

Иргэд олон нийтэд төөрөгдөл үүсгэж, алдаа дутагдал гарсанд хүлцэл өчье. Авто замын салбарт хийгдэж буй инноваци технологийн ололтыг нутагшуулахад хүлээцтэй байж дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна.