Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мөр зэрэгцэн зүтгэсэн нийт албан хаагчдадаа талархал илэрхийлэв

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мөр зэрэгцэн зүтгэсэн нийт албан хаагчдадаа талархал илэрхийлэв

Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.10.03/ боллоо. Энэ үеэр  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдах ажилтнуудад хандан амжилт хүсэж, хотын хөгжлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэсэн нийслэлийн харьяа 123 байгууллагын дарга, төрийн 48 мянган албан хаагчдад талархал илэрхийлэв.

Он гарснаас хойш Хотын дарга 28 удаагийн шуурхай зөвлөгөөнөөр нийт 415 үүрэг даалгавар өгсөнөөс хэрэгжилт 91 хувьтай байгаа аж.

Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр л гэхэд 14 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 85 хувьтай байна. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгосон бөгөөд хэрэгжилт 90 хувьтай, сайжруулсан шахмал 120 мянган тонн түлш нөөцлөөд буй.

Мөн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ /RFID TAG/-г суурилуулахтай холбоотой ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг суурилуулах бэлтгэл ажил хангагдсан бөгөөд одоогоор тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг суурилуулах түр журмыг  баталж, суурилуулалтын ажил эхлэх үйл ажиллагааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид, хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх,  хөдөлгөөний   аюулгүй   байдлыг  хангахад  туслах  ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулж, эрчимжүүлж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн 305 сургууль, 712 цэцэрлэгт “Гараас гарт” арга хэмжээг зохион байгуулж, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж буй юм.  




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө