Б.Оюутболд: Химийн гаралтай мансууруулах бодисуудыг хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгдсэн

Б.Оюутболд: Химийн гаралтай мансууруулах бодисуудыг хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгдсэн

Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.10.03/ боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар удирдах ажилтнуудад хандан амжилт хүсэж, хотын хөгжлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэсэн нийслэлийн харьяа 123 байгууллагын дарга, төрийн 48 мянган албан хаагчдад талархал илэрхийлжээ.

Энэ үеэр Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан, "Энэ жил улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 27 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Наадамчдын гудамжийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбосон гүүр, замын ажил 73 хувьтай байна. Зайсангийн хос гүүрний эхнийх нь ашиглалтад орсон, ажлын явц 68 хувьтай. Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон замын ажил 10 хувьтай байгаа. Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх замын ажил 75 хувьтай байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно" гэв.

Мөн дүүргүүдийн Засаг дарга нараас өвөлжилтийн бэлтгэл болон хөрөнгө оруулалтын ажлын явц, гарааш чөлөөлсөн талбайд хийж байгаа тохижилтын ажлын талаар тодруулжээ.

Налайх дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай, давсны 25 тонн нөөцтэй. Орон сууцны дундах гараашнуудыг буулгаж, 3000 ам метр талбайг чөлөөлж, тохижилтын ажил хийжээ. Цаашид гарааш буулгасан долоон байршилд тохижилт хийнэ. Харин Сонгинохайрхан дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай. 438 тонн давс, 135 тонн бодисын нөөцтэй. Нэмэлтээр 1000 тонн давс, бодис, хайргыг худалдан авах гэнэ. Дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 95 төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжиж байна. Гурван жилийн хугацаанд 1800 орчим гарааш буулгасан бөгөөд таван байршилд авто зогсоол байгуулж, найман байршилд зураг төсөл хийсэн бол 17 байршилд явган зам, авто зогсоол, дугуйн зам хийж байна.

Баянзүрх дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл 78 хувьтай, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байгаа юм. 2022 онд 1280 гарааш, 15,360 ам метр талбайг чөлөөлсөн бол энэ онд 202 гарааш, 2424 ам метр талбайг чөлөөлжээ. Баянгол дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 93 хувьтай, зам засварын ажил бүрэн дууссан. Энэ жил 782 гарааш чөлөөлөхөөс 560-ыг буулгаж, тохижилтын ажил хийж байна.  Чингэлтэй дүүрэгт зарим, сургууль цэцэрлэгт хүндрэл учирсан бөгөөд өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай, давс, бодис, түлшний нөөц хангагдсан. Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулж буйг хэлж байлаа. Хан-Уул дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна.

Хотын дарга өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, угаарын хийн хордлогоос үүдэлтэйгээр хүний амь эрсдэхээс сэргийлж ажиллахыг үүрэг болгов.

Түүнчлэн химийн гаралтай мансууруулах бодисуудыг хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгджээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд, "Улсын хэмжээнд цахим залилан, хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, халаасны хулгай зонхилж байгаа. Монгол Улсын хэмжээнд сүүлийн зургаан жилийн хугацаанд мансуурсан гэх үндэслэлээр нийт 898 зөрчилд 1173 хүн холбогдсон. Улаанбаатар хотын хэмжээнд хяналтад байгаа 145 иргэн байна. Сүүлийн үед гадаад улсаас синтетик буюу химийн гаралтай мансууруулах бодисуудыг олон улсын шуудан илгээмж ашиглан хүүхдийн тоглоом, гэр ахуйн бараа, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн эд зүйлсэд нуун далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгдсэн. Мөн гадаад улсуудад зорчсон иргэд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох, бусдын дайвар ачаа авах зэрэг эрсдэлүүд үүсэж байна" гэжээ.

Үүнтэй холбоотойгоор хяналтыг сайжруулж, урьдчилан сэргийлэх талаар  холбогдох төрийн захиргааны болон аж ахуй нэгж байгууллагыг нэгдсэн удирдлагаар хангаж, холбогдох арга хэмжээг авахыг үүрэг болголоо.