Өнгөрсөн есдүгээр сарын 17 /2023.09.17/-ны өдөр зуурдаар таалал төгссөн талийгаач Б.Эрхэмбаярын үхлийн шалтгааныг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл шүүх шинжилгээний дүгнэлт урьдчилсан байдлаар гарчээ.
Тодруулбал тус дүгнэлтэд, IHC койныг гаргагч "Ихбит" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаярыг "гаднын нөлөөгүй нас барсан", харин "амиа егүүтгэсэн" гэх нөхцөл байдал тогтоогдсон дүгнэлт гарсан талаар эх сурвалж мэдээллээ.
Тэрээр олон тэрбум төгрөгийн хохиролтой байж болзошгүй койны хэргээр компанийн хувьцаа эзэмшигчдийн хамтаар хуулийн байгууллагад шалгагдаж байсан билээ. Магадгүй үүнээс шалтгаалж, амиа егүүтгэсэн байхыг үгүйсгэхгүй юм. Хэрэв энэ нь эцсийн байдлаар тогтоогдвол түүнийг амиа хорлоход хүргэсэн гэх хэрэг үүсэж, шалгалтын ажиллагаа үргэлжлэх учиртай.
Учир нь Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйл. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх; 1-д "Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. Өөрөөр хэлбэл түүнийг амиа хорлоход чухам юу нөлөөлөв гэдгийг хуулийн байгууллага тогтоох юм.
Сонирхуулахад, IHC койныг гаргагч "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг нар "талийгаач Б.Эрхэмбаярын буяны ажилд оролцоно" хэмээн уулзахыг хориглосон шийдвэрээ өөрчлүүлэхээр шүүхэд хандсан байдаг. Харин тэдний хүсэлтийг шүүх есдүгээр сарын 20 /2023.09.20/-ны өдөр хэлэлцээд О.Мөнхжин, Б.Гантиг нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг. Нэг үгээр хэлбэл, шүүхээс "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг нарыг "Талийгаач Б.Эрхэмбаярын буяны ажилд оролцох хүсэлт"-ийг хангаж шийдвэрлэсэн билээ.