Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын "Мандах наран" хороололын байрнаас хичээлдээ явахаар өчигдөр /2023.10.03/ гарсан 12 настай охин сураггүй алга болоод олон цаг өнгөрч байна.
Харин үүнтэй холбогдуулж түүнийг орон нутгийн хэмжээнд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан бол эрлийн ажиллагааг "улс орон даяар" болгож өргөжүүлэн явуулж эхлээд байгаа юм. Энэ талаар Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалаас тодрууллаа. Тэрбээр "Охиныг яг одоогийн байдлаар /15 цаг 10 минут/ олоогүй байна. Эрэн хайх ажиллагааг бүх шатанд шуурхай зохион байгуулж байгаа. Сайншандаас орох, гарах хөдөлгөөнийг өчигдөр орой түр хаасан. Одоо бүрэн хяналт, шалгалт дор хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна" гэлээ.
Тиймээс охины ар гэртэй холбогдоход "Охин минь олдоогүй л байна. Холбогдох албаныхан бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа. Цахим сүлжээнд тусламж хүсэж байршуулсан утасны дугаар руу элдэв хүмүүс залгаж байна. Зарим нь бүүр тавлаж, худал мэдээлэл хэлж байгаа учир та бүхнээс бодит мэдээлэл л биш бол битгий эдгээр дугаар руу залгаач ээ гэж хүсэж байна" гэлээ. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар алга болоод буй 12 настай охины асуудалд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.