Сайншанд суманд сураггүй алга болоод буй 12 настай охиныг олоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сайншанд суманд сураггүй алга болоод буй 12 настай охиныг олоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын "Мандах наран" хорооллын байрнаас хичээлдээ явахаар энэ сарын гуравны өдөр /2023.10.03/ гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. 

Дээрх хэрэгт холбогдуулан өчигдөр “Г” гэгчийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Харин цахим сүлжээнд охиныг олсон, олоогүй гэх олон таамаг мэдээлэл хөвөрч, энэ нь олны эргэлзээг төрүүлээд байгаа юм. 

Тэгвэл сураггүй алга болоод буй 12 настай охиныг яг одоогийн байдлаар /2023.10.05-ны 07:30 цаг/ олоогүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. 

Цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд холбоотойгоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад теле камерт бичигдсэн дүрс бичлэгээр охины суусан гэх тээврийн хэрэгслийг олж тогтоон улмаар зэргэлдээх аймгуудад мэдээллийг хүргүүлж, сэжигтэнг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна. Тухайн этгээд нь анх "Охины амь насыг хөнөөсөн хэмээн мэдүүлсэн бол дараагийн мэдүүлэгтээ "Охиныг хөнөөгөөгүй" гэдгээ хэлжээ.

Энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай үргэлжлүүлж байгаа гэдгийг Дорноговь аймгийн цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ч.Ганзориг мэдээллээ. Охиныг эрэн хайх ажиллагаанд 21 байгууллагын 89 тээврийн хэрэгсэл 245 төрийн албан хаагч, мөн Сайншанд сумын 400 гаруй иргэн, 300 тээврийн хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилласан байгаа аж. Охиныг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.