БАРИМТ: Сайншанд сумын удирдлагууд 130 саяар хяналтын камер суурилуулах тендерээ "Хүүхэд алга болсны дараа" буюу өчигдөр л зарлажээ

БАРИМТ: Сайншанд сумын удирдлагууд 130 саяар хяналтын камер суурилуулах тендерээ "Хүүхэд алга болсны дараа" буюу өчигдөр л зарлажээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын "Мандах наран" хорооллын байрнаас хичээлдээ явахаар энэ сарын гуравны өдөр /2023.10.03/ гэрээсээ гарсан 12 настай охиныг өнөөг хүртэл олоогүй байгаа бөгөөд эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа. 

Эрэн сурвалжлах ажиллагааг удаашруулсан нэг хүчин зүйл нь тус аймгийн хэмжээнд байгаа камер ажиллахгүй байгаагаас болсон гэдгийг зарим хэвлэл мэдээлж буй. Тухайн аймгийн хэмжээнд 32 байршилд 69 хяналтын камер байдаг ч бүрэн ажилладаггүй болох нь дээрх хэргийг мөрдөн шалгах явцад ил болсон.

Сайншанд 2023 оны төсөв

-САЙНШАНД ХЯНАЛТЫН КАМЕР СУУРИЛУУЛАХААР 2023 ОНЫ ТӨСӨВТ 135 САЯ ТӨГРӨГ СУУЛГАСАН БАЙЖЭЭ-

Тэгвэл Дорноговь аймгийн Сайншанд сумын 2023 оны төсөвт "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шаардлагатай байршилд камер суурилуулах" ажилд зориулан 135 сая төгрөгийг суулгаж, Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан байна. Гэвч орон нутаг эл ажлыг зохион байгуулалгүй өчигдрийг /2023.10.05/ хүргэжээ. Тодруулбал, Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар энэ оны орон нутгийн төсөвт суугдсан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шаардлагатай байршилд камер суурилуулах ажил"-ын тендерийг өчигдөр буюу 2023 оны аравдугаар сарын 05-ны өдөр зарласан байх аж. 

Хяналтын камерын тендерыг өчигдөр /2023.10.05/ зарлажээ

-12 НАСТАЙ ОХИН СУРАГГҮЙ АЛГА БОЛЖ, АСУУДАЛ ХӨНДӨГДӨЖ ЭХЛЭХТЭЙ ЗЭРЭГЦЭН ХЯНАЛТЫН КАМЕРЫН ТЕНДЕРЫГ ЗАРЛАВ-

Товчхондоо, ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр бага насны хүүхэд сураггүй алга болж, эрлийн явцад камерууд нь ажиллагаагүй болсныг мэдэж, асуудал дагуулсны дараа орон нутгийн удирдлагууд нь ийнхүү камер суурилуулах ажлын тендерийг зарлав. Хэрэв орон нутгийн удирдлагууд ажилдаа хариуцлагатай хандаж, камер суурилуулах ажлыг эрчимтэй ажил хэрэг болгосон бол сураггүй алга болоод буй 12 настай охины эрлийн ажиллагаанд багагүй хувь нэмэр оруулах байсныг ч үгүйсгэхгүй юм. Тус аймагт өмнө нь буюу 2017 онд найман настай Д.Сэржмядаг гэх охин сураггүй алга болж байсан бөгөөд охин өнөөг хүртэл олдоогүй байгаа. Тухайн үед Замын-Үүдэд хяналтын камер байдаггүйгээс эрлийн үзүүр мухардсан нь нэлээдгүй шүүмжлэл дагуулж байсан. Тэгвэл Дорноговь аймаг энэ удаад ч хяналтын камер суурилуулах ажилд хариуцлагагүй хандлаа. Харин энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ гэх асуултын хариултыг иргэд нэхэж байна.