ВИДЕО: Хүүхдийн амь нас хохирсон “Тахилт”-ын явган зорчигчийн гарцуудад автомашины хурд сааруулагч байршуулж эхэлжээ

ВИДЕО: Хүүхдийн амь нас хохирсон “Тахилт”-ын явган зорчигчийн гарцуудад автомашины хурд сааруулагч байршуулж эхэлжээ

Сүүлийн нэг сарын хугацаанд зам тээврийн хоёр ч ноцтой осол гарсан Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо буюу Тахилтад хурд сааруулагч байхгүй бөгөөд гэрэлтүүлэг маш муу байна. Бид энэ талаар газар дээрээс нь сурвалжиллаа.

ВИДЕО:

Тахилтын 5 дугаар буудал гэх газар өнгөрсөн есдүгээр сарын 21-ний өдөр 12 болон 13 настай хоёр охин сургуулийнхаа ойролцоо гарцтай хэсгээр зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлж, 12 настай Н гэх охин амь насаа алдаж, 13 настай Х гэх охин хүнд бэртсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэг удаагүй байтал Тахилтын 4 дүгээр буудал гэх газар дахин осол гарсан гэх мэдээ чих дэлссэн юм. Тодруулбал аравдугаар сарын 2-ны өдөр 33 настай эмэгтэй "О" гэгч нь 31 настай эмэгтэйг таван настай хүүгийн хамт гарцтай хэсгээр зам хөндлөн гарах үед нь мөргөж гэмтээсэн.

Энэ газарт гэрэл гэрэлтүүлэг хангалтгүй, авто машины хурд сааруулагч байхгүйгээс үүдэж ийнхүү зам тээврийн харамсалтай осол гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Иймд тус байршилд Сонгинохарйхан дүүргийн ИТХын төлөөлөгч болон тээврийн цагдаагийн газар хамтраад авто машины хурд сааруулагч яаралтай хийж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Бид энэ талаар болон өмнө энэ байришлд хурд сааруулагчийг яагаад хийгээгүй байсан талаар тус дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатараас тодрууллаа. Тэрбээр, "Манай дүүргийн 20 гаруй байршилд хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотойгоор яаралтай хурд сааруулагч хийх ёстой гэсэн судалгаа гарсан. Ямартай ч нэн тэргүүнд 33 дугаар хорооны энэ байршилд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор зайлшгүй хурд сааруулагч хийхээр ажиллаж байна.

Тээврийн цагдаа болон Улаанбаатар зам засварын байгууллагуудын хооронд шийдвэрлэх ёстой асуудлууд байдаг юм шиг байна. Би нарийн учрыг сайн ойлгохгүй байгаа. Ямартай ч журам стандарт гэхээс илүүтэйгээр хүний амь нас, хүүхдийн аюулгүй байдал чухал байгаа учир энэ асуудлыг өдөр алдахгүйгээр хурдах хийх хэрэгтэй. Одоо тэврийн цагдаагийн албанаас зөвшөөрлийг нь гаргачих л юм бол хийх өнөө маргаашгүй л хийх гээд байгаа юм л даа. Автомашины хурд сааруулагчийн асуудлыг бид жилийн өмнөөс л судалж, хийх шаардлагатайг танилцуулж байсан. Гэвч энэ асуудал тодорхой шийдвэрийн түвшинд гацаж байсаар өдийг хүрлээ.

Хүний эд хөрөнгө автомашин эвдэрч гэмтсэн гэх асуудал гардаг юм гэсэн. Гэхдээ хүний эд хөрөнгөнөөс илүү иргэдийн амь нас, аюулгүй байдал чухал байгаа тул энэ байршилд хурд сааруулагч нэн шаардлагтай байгаа юм.

Мөн сургуулийн ойролцоо явахдаа жолооч нар ямар журмыг мөрдөж хөдөлгөөнд оролцох болон нийтлэг илэрдэг зөрчлийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа.  Тэрбээр, "Жолооч нар алслагдсан гэр хороололд зорчихдоо зам тээрийн журмын 16.1 дэх заалтад заасны дагуу явган зорчигч зам хөндлөн гарахаар цэхэж байгаа тохиолдолд зайлшгүй хурдаа сааруулж, зам тавьж өгөх ёстой. Сүүлийн үед зам тээврийн ноцтой ослууд энэ байршилд гарч байна. Хүүхэд багачууд явганы гарцаар гараад сурсан байна. Жолооч нарын сахилга бат, дэг журам гэх асуудал л зайлшгүй анхаарах асуудал болоод байгаа юм. Жолооч нарын нийтлэг гаргадаг зөрчил нь зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо утсаа оролдож байна.

Сургууль орчмын бүсэд зорчихдоо 20 км-ээс хурдаа хэтрүүлж болохгүй, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, зам дээр удаан хугацаагаар зогсохыг хориглох заалтууд хэрэгждэг.

Ихэвчлэн энэ дүрмийг баримтлаагүйгээс сүүлийн үед харамсалтай зам тээврийн ослууд гарах болсон. Жолооч нар зөвхөн цагдаа хараад хурдаа сааруулах бус өөрсдөө зам орчиндоо анхаарлаа хандуулж, зам тээврийн хөдөлгөөнд зөв боловсон оролцох шаардлагтай байна" гэлээ.