Э.Бат-Үүл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгнө гэж мэдэгдлээ

Э.Бат-Үүл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгнө гэж мэдэгдлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгнө хэмээн цахим хуудсаар мэдэгджээ. Тэрбээр "Нийгмийн онлайн сүлжээнд намайг Хотын сайн дарга байсан гэж олон түмэн жиргээд постлоод байгаа явдалд би ямар ч хамаагүй. Би өөрийгөө пиардаж явдаггүй. Би чөлөөндөө гараад ном бичиж суугаа хүн. МАН нийслэлийг муу удирдсан, үнэндээ удирдаж чадахгүй байгаа явдалд би ямарч буруугүй. 

Гэтэл чөлөөндөө байгаа жирийн иргэн намайг хотын дарга байхдаа Удирдлагын Академийн газар дээр барилга бариулсан мэтээр Монгол Улсын Ерөнхий сайд зоргоороо гүтгэн гүжирдэж байна. Ерөнхий сайд жирийн иргэнээ гүтгэж хов тараах эрхтэй ахул ардчилсан улсын иргэн би шүүхэд хандах эрхтэй. Би шүүхэд хандана" хэмээн мэдэгдсэн байна. 

 Сануулахад, өчигдөр /2023.10.05/ УИХ-ын чуулганы хуралдааны үеэр "Хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл Д.Эрдэнэбилэгтэй хамтран хотхон бариад тэндээ амьдарчихсан. Удирдлагын академийн газар дээр "Эрдэнийн хотхон" билүү, тийм хотхон байдаг" гэж мэдэгдсэн билээ.