Өчигдөр /2023.10.07/ алан хядагчдын “Хамас” бүлэглэл Израилын газар нутаг руу нэвтэрч олон арван энгийн иргэдийг хөнөөсөн үйл явдал нь ойрх дорнодод дайны нөхцөл байдлыг бий болгоод байна. Иймд Израилын тал Газын зурвасын гүнд цэрэг, дайны ажиллагаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь тус бүс нутагт олон хүний амь нас эрсдэх нөхцөл байдлыг бий болоод буй талаар бид өмнө нь мэдээлсэн.
Улмаар Гадаад харилцааны яамнаас Израил Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж анхаарал болгоомжтой байхыг тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэдэд анхааруулав. Мөн Израил улсад 200 гаруй Монгол Улсын иргэн оршино сууж буй тоон мэдээлэл байгаа юм.
Иймд бид Израил улсад оршин суугаа Монгол Улсын иргэнтэй холбогдож нөхцөл байдлын талаар тодруулахад, “Өчигдөр /2023.10.07/ орон нутгийн цагаар 19:00 цагт хамгийн сүүлийн сэрэмжлүүлэх дохио дугарснаас хойш нам гүм байна. Израилын албаныхан иргэдэд мэдээлэхдээ өчигдөр орой халдлага үйлдсэн террористуудыг баривчилсан гэж мэдэгдсэн.
Одоогоор 48 цагийн хөл хорио тогтоож, хүн бүрийг гэрээсээ гарахгүй хаалга цонхоо хааж түгжихийг зөвлөж анхааруулга өгч байгаа. Мөн гадуур үйл ажиллагаа явуулдаг бүх үйлчилгээний газар хаалгаа барьсан байдалтай байна.
Миний оршин суугаа газар израилийн төв хэсэгт байдаг учир аюултай халдлага энд нэвтрээгүй. Өчигдөр болсон гол халдлага “Газ”-ын зурвастай ойрхон хотуудад болсон. Одоогоор төв рүүгээ бол орж ирээгүй. Израил улсад Монгол Улсын элчин сайдын яам байдаггүй. Турк улсын ЭСЯ биднийг хамаарч ажилладаг тул одоогоор ямар нэгээ мэдээ зөвлөмж ирүүлээгүй. Монголчууд мөн хоорондоо холбоо бариагүй байна” гэлээ.