"Шүүгч нарт сахилгын шийтгэл ногдуулдаг хуулийн заалт"-аар Цэц маргаан үүсгэж байгаа нь "цэцийн гишүүдийн эрх ашиг" байж магадгүй байна

"Шүүгч нарт сахилгын шийтгэл ногдуулдаг хуулийн заалт"-аар Цэц маргаан үүсгэж байгаа нь "цэцийн гишүүдийн эрх ашиг" байж магадгүй байна

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тавдугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэж үзсэн билээ. Учир нь УИХ-ын гишүүд "Ард түмний мэдэх эрхийг хангах зарчимд суурилж хийж байгаа бүхнийг Үндсэн хуулийн цэц үгүйсгэж байна" хэмээн үзсэн.

Мөн Үндсэн хуулийн цэцийг "Хэн нэгэн улстөрч, эрх мэдэлтний захиалгаар эрх ашгийн зөрчилтэй дүгнэлт гаргадаг бүрэн эрхтэй байгууллага болсон. Цэцийн дарга нь эрх зүйн чадамжгүй. Гавьяатныхаа амралтад суух хугацаа нь болоод хоёр жил болсон хүн толгойлж байна. Цэцийн тухай хуулийг яаралтай шинэчлэн батлах шаардлага" гэдгийг Улсын их хурлын гишүүд тодотгож байсан юм. 

Тэгвэл Үндсэн хуулийн цэц гишүүдийн хэлсэнчлэн эрх ашгийн зөрчилтэй байж болзошгүй асуудалд маргаан үүсгэжээ. 

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 67 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт буюу шүүгч албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна.

-ЦЭЦЭД ХАНДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ШҮҮГЧ НЬ ҮХЦ-ИЙН НЭР БҮХИЙ ГИШҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ НЭГЭН ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙНА-

Бидэнд олдсон мэдээллээр "Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт нь Үндсэн хууль зөрчиж байна" гэх гомдлыг нэр бүхий шүүгч гаргасан байж магадгүй байгаа аж. Тодотговол, Цэцэд хандсан байж болзошгүй шүүгч нь Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий гишүүнтэй холбоотой нэгэн гэх мэдээлэл байгаа юм.

Тиймээс ч Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн шүүгч нарт сахилгын хариуцлага тооцдог хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн маргаан үүсгэсэн байж болзошгүй байгаа аж.

 Ташрамд өгүүлэхэд, дээрх хуулийн заалт нь Цэц дээр маргаан үүсээд байгаа тул Улсын Дээд шүүх шүүгч Ц.Мөнхтулга, Н.Баасанбат, Г.Хатанцэцэг нарт холбогдох сахилгын хэргийг түдгэлзүүлээд байгаа юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Цэцэд үүсээд буй дээрх маргааны талаар бид эргэн мэдээлэх болно.