Хорих 415 дугаар ангиас магадлангаар суллагдсан Г.Гантулгад цагдаа хяналт тавьж байсан эсэхийг шалгахаар болжээ

Хорих 415 дугаар ангиас магадлангаар суллагдсан Г.Гантулгад цагдаа хяналт тавьж байсан эсэхийг шалгахаар болжээ

Дорноговь аймгийн Сайншанд сумаас сураггүй алга болсон охиныг хөнөөсөн байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. 12 настай охиныг хөнөөсөн байж болзошгүй Г.Гантулга гэгч нь зургаан удаагийн хэргээр ял шийтгэл эдэлж байгаад 2016 оны есдүгээр сар /2016.06/-д Төв аймгийн Баян сум дахь Хорих 415 дугаар ангиас сайн засарч хүмүүжсэн гэх магадлангаар суллагдсан гэх мэдээлэл байгаа. 

Тэгвэл насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх, хулгайлах, дээрэмдэх зэрэг гэмт хэргүүдээр ял эдэлж байсан түүнд хуулийн байгууллагаас зохих хяналтыг тавьж байсан уу гэх асуулт өдгөө олны анхаарлыг татаж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдлээд суллагдсан хүнд хязгаарлалт тогтооно. Хяналтыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, түүний алба хаагч гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд цагдаагийн төв байгууллагын шийдвэрээр үйлдсэн гэмт хэргийн төрлөөс хамааран тухайн төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг дагнан хэрэгжүүлж байгаа цагдаагийн байгууллагын нэгж, алба хаагчид даалгаж болно гэж заажээ. 

Мөн Хорих байгууллага хорих ял эдэлж байгаа хүнийг суллагдахаас 30 хоногийн өмнө, хяналт тавьж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.6 дугаар зүйлд заасан хяналтын хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө, Эрүүгийн хуулийн 6.12, 6.13, 6.14 дүгээр зүйлд заасны дагуу хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, чөлөөлөгдсөн даруй тус тус байнга оршин суух газрын цагдаагийн байгууллагад түүний суллагдах тухай мэдэгдлийг зохих тодорхойлолтын хамт хүргүүлнэ гэж тус тус заасан байна. 

Энэ бүхнээс үзэхэд тухайн сэжигтэнг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, хяналтаа бүрэн хэрэгжүүлж байсан уу гэх асуулт гарч байгаа юм. Тиймээс бид энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад "Тухайн сэжигтэнг цагдаагийн байгууллагаас бүртгэж, хяналт тавьж байсан эсэхийг шалгах ажиллагаа хийгдэнэ. Хяналт сул байсан гэж үзвэл холбогдох алба тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой" гэсэн юм.