Х.Нямбаатар: Нийслэлд худалдан авалттай холбоотой харилцаан дээр нууцлал гэдэг асуудал хэрэгжих ёсгүй

Х.Нямбаатар: Нийслэлд худалдан авалттай холбоотой харилцаан дээр нууцлал гэдэг асуудал хэрэгжих ёсгүй

Энэ сарын 12-ны өдрийн /2023.10.12/ 12.00 цагт НИТХ хуралдаж, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Хотын даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. 

Х.Нямбаатар СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн учраас түүнийг гишүүнээс чөлөөлөх асуудлыг байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Ингээд НИТХ ирэх долоо хоногийн пүрэв гарагт хуралдаж хотын даргын асуудлыг хэлэлцэхээр товлосон нь энэ аж.  ИТХ-аас гаргасан саналаа Ерөнхий сайдад уламжлах бөгөөд Ерөнхий сайд захирамж гаргаж хотын даргыг томилно.

Тэгвэл Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Цахилгаан автобус орж ирсэн байгаа юм байна. Гааль дээр дунд оврын хэдэн автобуснууд гаалийн татвар төлөгдөөгүй гэдгээр байж байгаа юм билээ. Энэ бүгдийг эргэж хараад худалдан авах ажиллагааг яаж цуцалж хүчингүй болгох вэ гэдгээ хууль эрх зүйн хүрээнд гаргалгааг нь гаргана. Нийтийн тээврийн оргил цагийн үед автобуснууд бөөн бөөнөөрөө нэг талдаа гарчихаад байгаа юм билээ. Жигд тардаггүй. Оргил ачааллын үеэр зэрэг нэг газраас хөдлөөд байгаа. Загварчлал хийж, нийтийн тээврийн эргэлтийг яаж тогтмол цаг хугацаагаар ирдэг болгох вэ гэдэг талаар мэдээлэл сонссон.

Нийслэлд худалдан авалттай холбоотой харилцаан дээр нууцлал гэдэг асуудал хэрэгжих ёсгүй. 2022 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар харьяа төсөвт байгууллагууд нийтлэг үйлчилгээний зориулалттай тоног төхөөрөмжийг шууд худалдан авалт хийхээр эрх зүйн орчныг нээж өгсөн. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчтэй шууд харилцаж худалдан авалт хийх боломжтой. Болж өгвөл худалдан авалтыг нээлттэй явуулах. Дээр нь нийслэл дээр байгаа авлига албан тушаалтай холбоотой, хүнд суртлыг яаж хялбаршуулах вэ, цахимжуулах вэ гээд аль болох олон зүйлийг системтэй л явах ёстой юм билээ. Косметик засвар хийгээд явахгүй, хэцүү. Засагдахад амаргүй. Шийдвэр гарсны дараа хийх ажлынхаа талаар мэдээлэл өгье" гэлээ. 




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө