Бусаны олон улсын кино наадамд Монгол Улс оролцож байна

Бусаны олон улсын кино наадамд Монгол Улс оролцож байна

Соёлын яам, Монгол Улсын кино уран бүтээлчид болон Дархан-Уул аймгийн Соёл урлагийн газрын төлөөлөл, Монголын кино урлагийн зөвлөл Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо 2023 оны 10 дугаар сарын 04-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй 28 дахь удаагийн Бусаны олон улсын кино наадамд оролцож байна.

Энэхүү олон улсын тэргүүлэх зэрэглэлийн кино наадамд Монгол Улсын кино урлагийн салбарын эрх зүйн орчин, Кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагаа, шинэ кино уран бүтээлийг сурталчлах зорилготойгоор оролцож байна.

Наадамд Монгол улсаас Найруулагч П.Золжаргалын “Баавгай Болохсон” /If Only I Could Hibernate/ уран сайхны кино, Найруулагч П.Лхагвадуламын “Сэр Сэр Салхи” /Сity Of Wind/ уран сайхны кино тус тус “A WINDOW ON ASIAN CINEMA” хэсэгт албан ёсоор шалгарсан байна. Тус хэсэгт 16 орны бүтээсэн 30 уран бүтээл шалгараад байгаа юм.

Азийн орнуудад зохиогддог кино наадмууд дундаа А зэрэглэлийн наадам болох “Бусаны Олон Улсын Кино Наадам” нь 70 гаруй орны 200 орчим кино бүтээлүүдийг сонгон шалгаруулж 14 хэсэгт нэр дэвшүүлдэг билээ.

Мөн Соёлын яам, Дархан-Уул аймгийн Соёл урлагийн газрын төлөөлөл, Монгол Улсын кино уран бүтээлчид болон Монголын кино урлагийн зөвлөлийн зохион байгуулалт дор кино наадмын үеэр өөрийн улсын албан ёсны павильоныг нээлттэй ажлуулан  Монгол Улс “Монгол үдэш” арга хэмжээг зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд Бусаны олон улсын кино наадамд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн кино бүтээгчид болон БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол уран бүтээлчид тус үйл ажиллагаанд оролцож, морин хуур, Монгол бүжиг, Лимбэний аялгуу, Алтайн магтаал хөөмий зэргийг зочдод сонирхуулсан билээ.