Хөвсгөл аймагт хоёр жилийн өмнө алга болсон иргэнийг ар гэрийн хүсэлтийн дагуу дахин эрэн хайх ажлыг эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Улмаар эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж хайх ажиллагааг зогсоожээ.
Тодруулбал, Хөвсгөл аймаг Мөрөн сум Сүх багийн 9 дүгээр гудамжинд 2021 оны долдугаар сарын 04-ний өдөр иргэн Б/31 настай, эрэгтэй, Алаг-Эрдэнэ сумын харьяат/ нь гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 2023 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат иргэн Б/31 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 10.10-ны өдрийн 09:25 цагаас 15:10 цаг хүртэл тус аймгийн Чандмань-Өндөр сумын Шивэрт багийн “Алагцар” гэдэг газраас “Хар хад” гэдэг газар хүртэл 16 км-т автомашинтай болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул аймгийн Цагдаагийн газар болон ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг зогсоосон гэж Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.