Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2023.10.10/ хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай“ Монгол Улсын Их Хурлын 2023 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.
Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат 1072 хуьцааны ногдол ашиг тараах талаар дараах тайлбарийг өгчээ. Тэрбээр "Компанийн 81.5 хувийг “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг бол Монгол Улсын 2.5 сая иргэн 14.48 хувийг эзэмшдэг. Үлдсэн 0.6 хувийг ААН-үүд эзэмшдэг. Онц байдал тогтоох үед “Эрдэнэс Тавантолгой” ХК 4.3 их наяд төгрөгийн өртэй байсныг 2 их наядаар бууруулсан. Засгийн газраас онцгой дэглэм дуусах хүртэл хугацаанд компанийн өр төлбөрийг цэгцэл, үйл ажиллагааг нь жигдрүүл гэж шийдвэр гарсан учраас хувьцааны ногдол ашиг олгох асуудлыг хойшлуулсан. 2022 оны жилийн эцсээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.2 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Энэ ашгийг 2.5 сая иргэнд хуваарилахад нэг иргэнд 115 мянган төгрөг ногдох юм билээ. Хувьцаа эзэмшигчид болоод Засгийн газарт танилцуулж байсан. Тухайн үед баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулаад, төмөр замын холболт гээд үр ашгийг нь нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийгээд энэний дараа ногдол ашгийг ярих нь зөв гэж үзсэн.
Онцгой дэглэм тогтоосон хугацаа аравдугаар сарын 21-нд дуусаж байгаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд дээрх асуудлуудыг шийдвэрлэсний дараа ногдол ашгийн асуудлыг авч үзэх нь зөв гэдэг байр суурьтай байгаа" гэжээ.