Улаанбаатар хотод дугуй түрээсийн үйлчилгээ явуулаад сар гаруйн хугацааг өнгөрүүлж буй “Hi sainuu” компанийн зах зээлийн үнэлгээгээр 720 мянган төгрөгийн үнэ бүхий мянган дугуйны 400 нь тонуулж, эвдэрсний улмаас үйлчилгээгээ зогсоож буй талаарх мэдээлэл өчигдөр /2023.10.12/ цахим сүлжээнд тавигдсан.
Харин зарим сайтын мэдээлснээр хүйтний улирал эхлэх гэж буйтай холбогдуулан үйл ажиллагаагаа зогсоосон гэх мэдээлэл байгаа.
Тэгвэл үүнтэй холбогдуулан бид “Hi sainuu” компанийн үйл ажиллагаа явуулж буй ажлын байрнаас мэдээллийг шууд дамжуулан хүргэв. Биднийг очих үед хашаанд байрлуулсан дугуйгаа хураасан. Мэдээлэл өгөх ажилтан байхгүй. Цахим хаягаа хаасан. Утасаар холбогдох боломжгүй байлаа.
ҮЗЭХ:
Сануулахад, Өнгөрсөн есдүгээр сард бидний бэлтгэсэн сурвалжилгын үеэр "Hi sainuu" компанийн мянган дугуйны 270 орчим нь ашиглах боломжгүй болж тонуулж, эвдэрсэн байдалтай байсан. Тухайлбал, суудлыг нь авсан, тастагчаар гинжийг нь тасалсан, байршил тогтоогчийг нь эвдсэн, ус руу шидсэн зэрэг олон зөрчлийн улмаас тус компани 30 хувийн хохирол амсаад байсан юм.
Түүнчлэн дугуй түрээсийн үйлчилгээ ашиглах иргэд “Hi sainuu” компанийн аппликейшнд 5-20 мянган төгрөг байршуулсан. Харин өчигдрөөс үйл ажиллагаагаа зогсоож байгаатай холбоотойгоор тус компанитай холбогдож чадахгүй байгаа тул энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандана гэдгийг цахим сүлжээнд нийтээд байна.