БАРИМТ: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед “С.Эрдэнэд үүсгэсэн хэрэг”-ийг гурван цагийн дотор хүчингүй болгож, дараа нь сэргээж байжээ

БАРИМТ: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед “С.Эрдэнэд үүсгэсэн хэрэг”-ийг гурван цагийн дотор хүчингүй болгож, дараа нь сэргээж байжээ

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байсан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд асан С.Эрдэнэд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр АТГ-т буцаасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл С.Эрдэнэд холбогдох хэрэг хэрхэн өрнөж өнөөдрийг хүрсэн, түүний холбогдсон хэргээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нар магадгүй прокурорын албан тушаалтнуудад нөлөөлж хэрхэн "тоглож" байсан талаар энд өгүүлэхийг зорилоо. Учир нь хэдхэн хоногийн өмнө томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь “Хэргийг хэн ч мэддэггүй болгох” хуулийг санаачлан өргөн бариад байгаа юм. 

ВИДЕО:

-"Х.БАТТУЛГА НАДАД ХЭРЭГ ҮҮСГЭСЭН" ГЭЖ С.ЭРДЭНЭ ЯРЬДАГ-

АН-ын дарга асан С.Эрдэнэ 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг хашиж байсан. Гэтэл түүнд холбогдох "Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг “Капитал” банканд байршуулж, тус банкны удирдлагад давуу байдал олгосон, Хуучин элеваторыг өндөр үнээр улсад шахсан гэх хоёр хэрэг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед буюу 2020 онд үүссэн аж. Энэ ч утгаараа Х.Баттулга надад хэрэг үүсгэсэн хэмээн С.Эрдэнэ мэдэгддэг байж болзошгүй байна. Тэгвэл түүнд холбогдох дээрх хоёр хэргийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболдын нарын магадгүй захиалгаар Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат гуравхан цагийн дотор хүчингүй болгож байсан талаар С.Эрдэнэ мэдэгдэж байжээ. 

Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Тамгын газрын дарга З.Энхболд 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр С.Эрдэнэ рүү утас цохиж, “хоёрдугаар сарын 24-ний өдрөөр он, сар, өдрийг нь тавиад өөрт нь үүсгэсэн хоёр хэргийнхээ талаар өргөдлөө бичээд өг” гэсэн байгаа юм. Ингээд С.Эрдэнэ тухайн өдрөө хоёрдугаар сарын 24-ний өдөр хэмээн огноолж өргөдлөө бичиж. Харин түүний өргөдлийг прокурорын бичиг хэргийн ажилтан бус Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдоржийн туслах нь биечлэн хүлээн авсан байгаа юм. 

Гэтэл тус өдрийн орой 19 цаг 30 минутын орчимд Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Л.Түвшинжаргал С.Эрдэнэ рүү утас цохиж, “Наадам центр дээр явж байна. Танд бичиг өгөх гэсэн юм” гэж.

С.Эрэнэд холбогдох хоёр хэргийг гурван цагийн дотор Ц.Насанбат прокурор хүчингүй болгож байжээ.

Ингээд тэр бичгийг авчраад задлахад Нийслэлийн орлогч прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй 2023 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр гэсэн огноотой С.Эрдэнэд үүсгэсэн хоёр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн мэдэгдэх хуудас бүхий тогтоол байсан аж. Товчхондоо, олон сарын турш С.Эрдэнийн шалгагдаж байсан хэргийг улс төрчдийн захиалгаар 3-хан цагийн дотор хүчингүй болгож дөнгөсөн байгаа юм. 

Харин энэ бүхнийг "АН-ын тамгаар наймаалцах гээд байсан. Үгэнд нь ороогүй" гэж С.Эрдэнэ тайлбарладаг. Учир нь тус хэргийг Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Нямдорж сар хүрэхгүй хугацааны дараа буюу 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр дахин сэргээсэн байдаг. Үүнээс үзэхэд улс төрд нөлөө бүхий эрхмүүд бусдын холбогдсон хэргийг энэ мэтээр явагддаг байх гэсэн хардлага төрж байгаа юм. Энд нэг зүйлийг сануулахад, С.Эрдэнийн хоёрдугаар сарын 24-ны өдрөөр огноолж өгсөн өргөдлийг прокурор Ш.Нямдоржийн туслах биечлэн авсан гэдэг. 

С.Эрдэнэд холбогдох хэргийг хүчингүй болгосон Ц.Насанбатын тогтоолыг Ш.Нямдорж хүчингүй болгожээ

Гэтэл өнөөдөр нийгмийн сэтгэл зүй цочролд орсон энэ үед “гуя дагуулж хүзүү” гэгчээр хөнжилдөө, хөшигний ард тохиролцож, толхилцож шийдээд байгаа цагаан захтнуудын хэргүүдийг хэнд ч мэддэггүй байх хуулийг эрх баригчид баталж Х.Баттулга, З.Энхболд, С.Эрдэнэ нарын араас явж эхлэв. Хэрэв Б.Энхбаярын яриад байгаа хууль батлагдвал эрх мэдэлтнүүдийн С.Эрдэнэтэй наймаалцах гээд байсан шиг энэ мэт хэргийг ярих субьект хэзээ ч дахин гарч ирэхгүй. Тэр ч байтугай иргэн А, Б-ын холбогдсон хоногийн мэдээг хэн ч мэдэх эрхгүй болох юм.