Б.Улаанаа: Хуурын аялгууг рок хөгжимтэй хослуулах мөрөөдлөө биелүүлж, морин хуураа цахилгаан болгон өөрсдөө ая зохиож эхэлсэн /ВИДЕО/

Б.Улаанаа: Хуурын аялгууг рок хөгжимтэй хослуулах мөрөөдлөө биелүүлж, морин хуураа цахилгаан болгон өөрсдөө ая зохиож эхэлсэн /ВИДЕО/

Рок хөгжмийн хэмнэлд дуртай үндэсний урлагийн морин хуур хөгжим тоглодог залуус морин хуурыг цахилгаан болгож, хуурын аялгууг рок аятай хослуулсан зохиол бичиж эхэлжээ.

Тэднийг Б.Улаанаа, О.Тэлмэн гэдэг. СУИС-ийг морин хуурч мэргэжлээр дүүргэсэн. Улмаар оюутан байхаасаа хамтарч уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд эхэндээ гаднын алдартай зохиолуудыг коверлож эхэлсэн байна. Харин дараа нь морин хуураа цахилгаан болгож хуурын аялгууг рок хөгжимтэй хослуулан ая бичиж бие даасан уран бүтээл гаргаж эхэлсэн байна. Улмаар залуус авьяасаа сорихоор Авьяаслаг монголчууд шоу нэвтрүүлэгт оролцож, алтан базерын эзэд болоод байгаа юм. Иймд бид тус хамтлагийн гишүүн Б.Улаанаатай ярилцлаа.

ВИДЕО: 

-Юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Улаанаа гэдэг. Би Авьяаслаг монголчууд шоу нэвтрүүлэгт О.Тэлмэн найзтайгаа оролцсон. Бид хоёрын хамтлагт одоогоор нэр байхгүй байгаа.

-Морин хуурыг цахилгаан болгож зохиол бичих болсон түүхээсээ хуваалцаач?

-Би үндэсний морин хуур хөгжим тоглодог. Тоглодог хөгжмөө хэвийн байдлыг жаахан эвдэж рок хөгжимтэй хослуулах мөрөөдөлтэй байсан. Тэгээд энэ чиглэлээр юм хийж үзье. Соёл урлагийн их сургуульд мэргэжлийн хөгжмөөр сурч байгаа юм чинь бусдаас өөр сэтгэж юм хийж үзэхээр болсон. Тэгээд хамгийн түрүүнд надад таалагдаж хамтрагч болсон хүн бол миний найз О.Тэлмэн байсан. Бид хоёр нэгдүгээр курсээсээ хамтарч уран бүтээл хийж эхэлсэн. Хамгийн анх би Тэлмэнд хамтрах санал тавьж байхдаа морин хуур гэдэг үндэсний хөгжмөөр гадаадын алдартай зохиолуудыг тоглох санал тавьсан. Тэгээд бид хоёр анх олон улсад танигдсан гадаадын алдартай аянуудыг коверлож тоглож эхэлсэн. Бид хоёр тухайн үед энгийн хөдөлгөөнгүй ковер хийдэг байсан. Сүүлдээ хөгжмөө эзэмшиж сураад, чөлөөтэй уран бүтээл хийдэг болоод ирсэн. Рок хөгжим тэсрэлттэй, хөдөлгөөнтэй зүйл шүү дээ. Тиймээс рокийг сонгож эхний ээлжид хөгжмөө цахилгаан болгосон.

Морин хуураа цахилгаан болгоод дугаргаж үзэхэд төрсөн мэдрэмж бид хоёрт маш гоё мэдрэмж төрүүлсэн. Тиймээс бид хоёр “хоёулаа рокоороо явж үзье. Чаддаг бүх зүйлээ хөгжмөөр болон биеийн хэлэмжээрээ гаргая” гэж л эхэлсэн дээ.

-Анхны бие даасан уран бүтээл хэрхэн бүтэв?

-Бид хоёрын албан ёсны анхны уран бүтээл “UsGal” гэдэг нэртэй уран бүтээл байдаг. Бид энэхүү уран бүтээлээ Авьяаслаг монголчууд шоуны тайзан дээр нэгдүгээр шатандаа тоглосон. Энэ уран

бүтээлийн бичлэгийг хийх явцад маш сонирхолтой байсан. Манай Тэлмэн усыг би галын илтгэсэн. Тухайн үед би хөгжмөө тоглож байхдаа галыг илтгэхийн тулд жинхэнээсээ хуураа шатааж байсан. Тэлмэн маань болохоор дээрээсээ маш их бороо оруулаад усан дотор хөгжмөө тоглосон. Тэлмэн ч их даарсан би ч их халууцсан. Тийм л зураг авалт болсон доо.

-Авьяаслаг монголчууд шоуны тухайд?

-Бид хоёр анх шоунд орохдоо алтан базер авна гэж ерөөсөө төсөөлөөгүй. Зүгээр л хоёулаа чадах болохоор тултал нь хөгжмөө тоглоод ямар үр дүн гарахыг харья гээд орсон. Тэгсэн чинь алтан базер даруулсан. Үнэхээр гоё мэдрэмж байсан. Салют буудуулж байгаа дуу бол амьдралын аймар гоё мөч байсан.

-Залуу хүн, шинэ уран бүтээлчийн хувьд монголынхоо хөгжмийн урлагийг юу гэж харж байна?

-Ардын хөгжим гэхэд зөвхөн ардын хөгжмөөр нь хүлээж авалгүй энийг яаж болох уу, хэрхэн сайжруулбал гаднынхан сонсох уу гэхчлэн нэгэн хэвийн байдлаараа биш чөлөөтэй сэтгэж, гоё өөрчлөлтүүдийг хийгээд цааш нь түгээгээсэй гэж хүсдэг. Мэдээж үндэсний хөгжмөө үндэсний байдлаар нь хүлээн авч сонсох хүн олон бий. Гэхдээ өөр яаж болох уу. Сайн талаас нь хөгжүүлбэл хүмүүс гайхаж, сонирхох байх гэж боддог.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө