БНСУ-ын Сөүл хотод аравдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсыг төлөөлөн тус улсад суух Элчин сайдын яамны төлөөлөгч дипломат ажилтан согтуугаар автомашин жолоодож яваад саатуулагдсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор тус улсын зарим улс төрчид гадаадын дипломат төлөөлөгчдийн үйлдсэн гэмт хэрэгтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар ярьж эхэлжээ. Тухайлбал Өмнөд Солонгосын хамгийн том сөрөг хүчин болох Солонгосын Ардчилсан Намын хууль тогтоогч Пак Хон Кын хууль зүйн яамнаасаа гадаадын дипломат ажилтнуудын үйлдсэн гэмт хэргийн талаар статистик тоо баримтыг өчигдөр танилцуулсан байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд тус улсад гадаадын дипломатчид болон тэдний гэр бүлийн гишүүдтэй холбоотой 71 хэрэг бүртгэгдсэн аж.
Эдгээрийн дийлэнх нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болон хулгайн хэрэг байсан бөгөөд 55-ыг нь дипломатчид өөрсдөө үйлдсэн бол 16 хэргийг гэр бүлийн гишүүд нь үйлджээ. Эдгээр хэргүүдээс ердөө нэг нь хуулийн хариуцлага хүлээж, үлдсэн 98.5 хувь нь дипломат халдашгүй статусаа ашиглан шийтгэлгүй өнгөрсөн байна. Дипломат ёсны тухай Венын конвенцын дагуу гэмт хэрэг үйлдсэн элчин сайдын ажилтан тухайн сууж буй улсынхаа хуулиар шийтгүүлдэггүй юм.
Парламентын гишүүн Пак Хон Кын, "Дипломат төлөөлөгчидтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулж, шийтгэлгүй өнгөрдөг байдлыг залруулахыг засгийн газраас шаардаж байна. Гадаадын элч төлөөлөгч, тэдний гэр бүлийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн болон дипломат халдашгүй эрхээ хувийн шалтгаанаар ашигласан бол гадаад хэргийн яам тухайн илгээсэн улсаас халдашгүй эрхийг нь цуцлахыг идэвхтэй шаарддаг болох ёстой” гэжээ.
Эх сурвалж: Korean Times