Франц улсын Нант хотод “Чингис Хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Франц улсын Нант хотод “Чингис Хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсын  Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар тус улсад айлчилж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, түүх соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Франц Улсын Нант хотын Бретанийн Гүнгийн ордон буюу Түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжин ажиллаж байгаа бөгөөд талуудын хамтын ажиллагаа, соёлын сурталчилгааны хүрээнд ашгийн бус зорилгоор Чингис хаан Үндэсний музей Франц Улсын Нант хотын Бретанийн Гүнгийн ордон буюу Түүхийн музей хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Чингис Хаан музей, Хархорум музей, хувь цуглуулагчдын нийт 400 гаруй үзмэрийг толилуулж байгаа аж.

Үүний зэрэгцээ Францын Лувр, Сэвр, Азийн урлагийн Гимэй, Франц Улсын Ерөнхийлөгч асан Жак Ширакийн нэрэмжит Брэнли музей болон Европын холбооны бусад улсаас нийт 150 гаруй үзмэр дэлгэгдэх бөгөөд түүхэн баримт бүхий үзэсгэлэн дэлхий нийтэд анх удаа олон нийтийн хүртээл болж байгаагаараа онцлог юм.