Хан-Уул дүүргийн ЕБ-ын 18 дугаар сургуулийн сурагчид юунаас хордсоныг яаралтай тогтоож, арга хэмжээ авахыг шаардлаа

Хан-Уул дүүргийн ЕБ-ын 18 дугаар сургуулийн сурагчид юунаас хордсоныг яаралтай тогтоож, арга хэмжээ авахыг шаардлаа

Монгол бизнес дээд сургуульд хичээллэж байсан Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн 21 сурагч энэ оны есдүгээр сарын 20-ны өдөр үл мэдэх зүйл хордож, бөөлжиж, суулгах, толгой эргэсэн шинж тэмдэгтэйгээр эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ авсан байдаг.

Тухайн үед сурагчид юунд хордсон нь тодорхойгүй байсан бөгөөд хичээллэж байсан байрыг битүүмжлэн үйл ажиллагааг нь түр зогсоогоод байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт мөн тус сургуулийн сурагчид дахин хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тиймээс өнөөдөр 2023.10.16/ 18 дугаар сургуулийн сурагчдын ар гэрийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлж буйгаар эрх мэдэлтнүүд хүүхдүүдийн хордлогын асуудлыг нуун дарагдуулж, үнэн зөв мэдээллээр хангахгүй байгаад гомдолтой байгаа гэсэн юм. 

Тодруулбал, "Манай хүүхдүүдийг олон нийтэд газ үнэрлэж, хэрэглэсэн байх гэж сэрдэж буруу мэдээллээр гуйвуулж чимээгүй болгож магадгүй гэж бодож байна. Нийт найман хүүхэд эмнэлэгт хэвтсэн ба өнөөдөр дөрвөн хүүхэд эмнэлгээс эмчлэгдэн гарсан. Эмнэлэгт хүүхдүүдэд хордлогын эмчилгээ хийлгэж байгаа. Хүүхдүүдийн хэлснээр ангийн ардаас маш өмхий үнэр үнэртсэн гэсэн. Тэр сургуулийн бохирын цооног цоорсноос шалтгаалж үнэртсэн гэж бид таамаглаж байна.Эмч нарын хэлж буйгаар хордлогын эмчилгээ хийлгээд гарсан ч дахин хурц үнэр үнэртэхэд сэдрэх магадлалтай гэсэн. Сая нийслэл даяар газ мэт маш хурц үнэр тархахад дахин хүүхдүүдийн бие сэдрэн муудсан гэж таамаглаж байна. Хүүхдүүдийн бие таагүй байна. Ганц нэг хүүхэд биш нийтээрээ биеийн байдал нь дотор муухайрах, толгой өвдөх, суулгах,  бие тавгүйргэх, гар хөл бадайрах, толгой нь эргээд явж чадахгүй байх шинж тэмдгүүд илэрсээр байна. Юунд хордоод байгааг мэдэхгүй, шинжилгээний хариу байхгүй байна. Холбогдох байгууллагаас мэдээлэл авмаар байна. Бидний зүгээс нарийн шинжилгээний хариуг тодорхой болго, хариуцсан албаны хүмүүс яаралтай асуудлыг шийдвэрлэж өг гэж шаардаж байна” гэлээ.