ТОДРУУЛГА: "Эко стандарт петролиумз"-ын зориулалтын бус газар хаясан тосыг ШШЕГ шинжилж байна

ТОДРУУЛГА: "Эко стандарт петролиумз"-ын зориулалтын бус газар хаясан тосыг ШШЕГ шинжилж байна

Нийслэлийн зарим дүүрэгт “Газ мэт үл мэдэх зүйл үнэртээд байна” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлсэн.
 
Шалгалтаар Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Эко стандарт петролиумз" компанийн нэр бүхий ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдал маслыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим “Хьюндэй” маркийн бохир соруулах зориулалт бүхий автомашинаар 10 орчим тонныг соруулан ачиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000мм бохирын шугамын худаг руу асгасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн.

Тиймээс тус компанийг Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлд заасан "Аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаях" заалтаар шалгаж байгаа юм.

20.11 дүгээр зүйл. Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях

1.Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар хаясан; хог хаягдлын зэрэглэлийг санаатайгаар буруу тогтоож зориулалтын бус газар хаясан, устгасан, улсын хилээр нэвтрүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 

Тэгвэл шалгалтын ажиллагааны талаар ЦЕГ-аас тодруулахад "Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Тухайн асуудалд шинжилгээний дүгнэлт гаргуулахаар ШШЕГ-т хандсан байгаа. Химийн шинжилгээний дүгнэлт гарна. Химийн шинжилгээ ойролцоогоор ажлын 10 хоног, тухайн шинжилгээний төрлөөс хамаардаг" гэлээ.