Хоол хийж буй богино хэмжээний бичлэг хийж, олны анхаарлыг татах болсон өвөрмөц сэтгэлгээтэй, бүтээлч нэгэн залууг бид энэ удаад онцлон ярилцлаа. Түүний хувьд мэргэжлийн тогооч огт биш бөгөөд өөрийн сонирхлоороо хоол хийж, бичлэг хийн олон нийтийн сүлжээнд байршуулдаг.
Анх хоол хийж эхлэх болсон нь фитнестэй холбоотой гэнэ. Хүмүүс гадуур хооллож, эрүүл биш хоолонд маш их мөнгө үрснээс гэртээ хоол хийж идвэл илүү хямд, дээрээс нь эрүүл байна хэмээн ярина. Тэрбээр СУИС-ийг төгсөж, жүжигчин мэргэжлийг эзэмшжээ. Хамгийн сүүлд Фантастик продакшны "Zura 2" кинонд тоглосон бөгөөд түүнээс хойш хараахан кинонд тоглоогүй байгаа аж. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.
ВИДЕО:
- Анх яагаад хоол хийж, ASMR хийх болсон бэ? Ер нь хоол хийхийг хаана, хэзээ сурав?
Би өөрөө гэртээ хоол туршиж, хийж идэх их дуртай. Анх найз нөхөд, гэр бүлийнхэндээ л хоол хийж өгдөг байж байгаад бичлэг хийгээд үзвэл зүгээр юм байна гэж бодож, анх бичлэг хийж эхэлсэн. Ээж, эмээгээ харж л анх хоол хийж сурснаас биш миний хувьд тогоочийн сургалт, юманд сууж эхэлсэн зүйл огт биш. Youtube их үздэг. Санаа аваад өөрийнхөөрөө баяжуулаад л хийдэг дээ. Хүн ер нь тэгээд хийх тусам сайжраад л байдаг юм байна. Би өөрөө давхар фитнесээр хичээллэдэг. Уран бүтээлээсээ түр завсарласан учир нь мөн фитнесийн тэмцээнд орох гэсэнтэй холбоотой. Хоол хийсэн шалтгаан ч бас тэр. Маш удаан хугацааны туршид дэглэм барьсан. Хоолны дэглэм барина гэдэг нэг төрлийн хоолоо олон хоног идээд явна гэсэн үг. Тэдгээр өдрүүдээс өшөө авалт хийсэн гэх юм уу даа. Одоо бол байнгын амттай хоол идэж байгаа.
- Хоол хийхдээ ямар мэдрэмж авдаг вэ? Бас өөрийн чинь богино хэмжээний бичлэгүүдээс хүмүүст хүргэх гэж зорьдог санаа бий болов уу?
Хоол идэх мэдээж кайфтай. Гэхдээ идэхээс илүүтэйгээр идэж байгаа хүмүүс амттай байна гэж хэлэх мэдрэмж илүү гоё байдаг. Миний бичлэгүүдээс харвал амттай хоолыг амтархан идэж байгаа нь л хамгийн гоё юм болов уу. Гадуур хоол идэж байснаас гэртээ хоол хийгээд идэх нь өөрт маань гоё санагддаг.
- Хоол хийгээд идэх нэг өөр. Бичлэг хийнгээ хоол хийх бас нэг өөр байх. Бичлэгүүдээ ер нь өөрөө хийдэг үү. Хэр их хугацаа зарцуулдаг вэ?
Миний хувьд хоол хийх тийм ч хэцүү биш ч бичлэг хийхэд ядаргаатай байдаг. Камераа зөөж тавина, хоолоо хийж байхдаа тэрийгээ бичнэ, хянана, байнгын нааш цааш нь зөөнө. Гэхдээ өөрөө дуртай болохоор үүнээсээ ерөөсөө залхдаггүй. Цуйванг бол би 30-аас 40 минутын дотор хийчихдэг. Гэтэл бичлэг хийхээр 2 цаг орчим болдог. Ингээд бодохоор бичлэгэндээ нэлээд хугацаа зарцуулдаг даа.
- Анх хоол хийж байсан түүхээсээ хуваалцаач?
Анх дөрөв дүгээр ангид байхад ах бид хоёр гэртээ хоёулхнаа өлсөөд будаатай хуурга хийж идэж байсан. Түүхий төмстэй. Аав ээж хоёрт гэхдээ хөөрхөн санагдсан байх л даа. Өлсөхийн эрхэнд тэгж анх хоол хийж идэж байлаа.
- Богино хэмжээний бичлэгүүд нь үзэлт ихтэй байдаг. Хүмүүст ч бас нэг үеэ бодвол танигдаж эхэлсэн байх. Эерэг сөрөг сэтгэгдлүүдийг хэрхэн хүлээж авч байна?
Нэг үеэ бодвол хүмүүс намайг мэддэг болсон. Энэ хүн хоол хийгээд, апитет хөдөлгөөд байдаг нөгөө хүн мөн байна гээд л тодорхой хэмжээнд таньдаг болсон байна лээ.
Би хувьдаа хүмүүсийг аль болох эерэг байгаасай гэж хүсдэг. Нийгэмд ямар их стресс, бухимдал байгаа билээ. Зарим зүйл дээр ч болтугай хөнгөнөөр хандаж, эерэг байгаасай.
Сөрөг сэтгэгдлүүд мэдээж их ирдэг. Хамгийн ихдээ 120, 130-аад сөрөг коммент устгаж байсан байх. Би өөрөө сөрөг комментод их автаад байдаг. Зүгээр орхичхож чаддаггүй болохоор дахиж харахгүйн тулд устгачихдаг. Эерэг сэтгэгдлүүд бол маш гоё. "Дэмждэг шүү. Хоолоо оруулаарай. Өлсөж үхэх гэж байгаа ч гэсэн үзээд хэвтэж байна шүү" гэх мэтчилэн эерэг коментууд маш их ирдэг. Бас "Дуурайж хийсэн шүү, нөхөр маань өөрийг чинь үзээд гоё хоол хийж өглөг болоод байгаа" гэх зэрэг сэтгэгдлүүд маш их урам өгдөг дөө. Нэг хүн намайг нөхрөө болгочихсон шүү дээ. "Хайраа, хайртай шүү. Хурдан гэртээ ир" гээд байдаг. Гэтэл би огт танихгүй. Гэхдээ л энэ мэт сэтгэгдлүүд гоё санагддаг.
- Хоол хийхийг зөвхөн эмэгтэй хүний хийх ёстой ажил гэж хүмүүс боддог. Өөрөө ер нь хоол хийхэд хүйсийн харьцаа хэр хамаатай гэж боддог вэ?
Хоол хийхэд хүйсийн харьцаа огт хамаа байхгүй. Хосын харилцаа бол 50:50 байх ёстой. Эхнэр махаа хэрчиж байвал нөхөр нь ногоог нь арилгаад өгдөг, нөхөр нь махаа хэрчиж байвал эхнэр нь ногоог нь арилгаад өгдөг ч юм уу. Эрх тэгш байх ёстой гэж боддог. Ингэж байж гэр бүл илүү гоё бат бэх харилцаатай байдаг байх. Гэхдээ хоол хийх тал дээр эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү мэдрэмжтэй байдаг юм болов уу. Үнэхээр хоол хийж чаддаг бол эмэгтэй хүнээс илүү мэдрэмжтэй байдаг байж магадгүй юм.
- Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
Би бол зүгээр л гэрийн тогооч. Тийм учраас мэргэжлийн тогоочоос хэд дахин дутуу байх нь мэдээж. Ер нь цаашдаа суръя, суралцъя гэж бодож байгаа. Хүн ер нь маш том зорилго тавьж байж түүнийнхээ талд нь ч болтугай хүрдэг. Тийм болохоор тодорхой хэмжээний том зорилго бий. Түүндээ хүрэхийн тулд л хичээж байгаа.