"Д.Сумъяабазарын хүн" Ж.Сандагсүрэнгийн оронд П.Сайнзоригийг томилох бол "Г.Занданшатарын хүн" З.Төмөртөөмөөгийн оронд хэн ирэх тодорхойгүй байна

"Д.Сумъяабазарын хүн" Ж.Сандагсүрэнгийн оронд П.Сайнзоригийг томилох бол "Г.Занданшатарын хүн" З.Төмөртөөмөөгийн оронд хэн ирэх тодорхойгүй байна

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн /2023.10.12/ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ хурлаар томилогдсон Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өөрийн багаа бүрдүүлж эхэлжээ.

Тэрбээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ХЗДХЯ-ны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Л.Хосбаярыг, хуулийн зөвлөхөөрөө ХЗДХ-ны яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Цолмонг, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Мөрдөн шалгах газрын даргаар ажиллаж байсан Д.Отгонжаргал нарыг тус, тус томилсон. 

Тэгвэл тэрбээр удахгүй  хоёр орлогч болох Ж.Сандагсүрэн, З.Төмөртөмөө нарыг чөлөөлж, тэдний орны хүмүүсийн томилгоог өнөө маргаашдаа томилохоор болсон гэдгийг эх сурвалж мэдээлэв. Тэрбээр нэгдүгээр  буюу Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Сандагсүрэнгийн оронд өдгөө Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй П.Сайнзоригийг томилно гэх мэдээлэл байна. 

Харин Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан хоёрдугаар орлогчоор З.Төмөртөөмөөгийн оронд хэнийг томилох вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Ж.Сандагсүрэнгийн хувьд Д.Сумъяабазарын хүн гэгддэг бол З.Төмөртөөмөөг УИХ-ын дарга Г.Занданшатар тус албан тушаалд зүтгүүлсэн гэх мэдээлэл байдаг. Ж.Сандагсүрэн нь Хотын дарга асан Д.Сумъяабазартай хамтран ажиллаж ирсэн бол З.Төмөртөөмөөр нь УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байсан юм.