Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арваннэгдүгээр сард Вьетнам Улсад айлчилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арваннэгдүгээр сард Вьетнам Улсад айлчилна

Энэ онд Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Ромын Пап Францис зэрэг хэд, хэдэн чухал зочин манай улсад айлчилсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч чухал айлчлалуудыг амжилттай хийлээ. Тэрбээр хамгийн сүүлд Францын Ерөнхийлөгч Э.Макроны урилгаар тус улсад төрийн айлчлал хийсэн юм. Үргэлжлүүлэн энэ өдрүүдэд “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна.

Тэгвэл тэрбээр ирэх сард /2023.11/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад айлчлахаар болжээ. Айлчлалаар Монголоос нийлүүлэх махны экспортыг нэмэгдүүлэх асуудлаар яриа хэлэлцээг хийнэ гэх мэдээлэл байна. Мөн үргэлжлүүлэн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад айлчлал хийж магадгүй байна. 

Манай улсын хувьд олон тулгуурт гадаад бодлогын чухал багана бол Зүүн Өмнөд Азитай харилцах харилцаа юм. Тэр дундаа Вьетнам улстай харилцах харилцаа маш чухал юм. Монгол Улсын хувьд цар тахлын хүнд үед ч Вьетнам улстай харилцах харилцаагаа тасалдуулахгүйгээр төлөвлөгөөт уулзалт, зөвлөлдөх механизмуудаа амжилттай хэрэгжүүлээд ирсэн.

Мөн Вьетнам улстай хамтын харилцаа тогтоосны 70 жилийн ойг бид 2024 онд угтана. Энэ хүрээнд Вьетнам улсын боомтыг ашиглах асуудлаар ярилцаж ирсэн.  Монгол Улс төмөр замаар дамжин Зүүн Өмнөд Азитай холбогдох нь стратегийн өндөр ач холбогдолтой.