Монголын нутгаар дамжуулан барих Оросын "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийг Хятад дахин үгүйсгэж, "гарын үсэг" зураагүй байна

Монголын нутгаар дамжуулан барих Оросын "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийг Хятад дахин үгүйсгэж, "гарын үсэг" зураагүй байна

БНХАУ-д болж буй “Бүс ба Зам” дээд хэмжээний чуулга уулзалтын эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар уулзалт хийсэн. Энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, “ОХУ-аас Монгол Улсыг дайраад БНХАУ-д хүрэх хийн хоолойн төслийг ярьж байна. Энэ төслийн хүрээнд бүх талууд санал нэгдсэн байна. Одоо зөвхөн төслийг хэрэгжүүлэх л үлдлээ” гэж мэдэгдсэн.

-ОРОСЫН “СИБИРИЙН ХҮЧ-2” ХИЙН ХООЛОЙН ТӨСЛИЙГ ХЯТАД ДАХИН ҮГҮЙСГЭЖЭЭ-

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Хятадад хийж буй энэ удаагийн айлчлал болоод БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй энэ онд хийсэн хоёр дахь удаагийн хэлэлцээ нь “Кремлийн олон жил хүлээж буй төсөлд “шийдвэргүй”-гээр дахин өндөрлөж байгаа аж. Тодруулбал, "Сибирийн хүч-2"-ын талаар ямар ч баримт бичигт гарын үсэг зурахгүй гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков ТАСС агентлагт ярьжээ. 

В.Путин Хятадын дарга Ши Жиньпинийг “хайртай найз минь” хэмээн нэрлэж, “Бүс ба зам” төслийг амжилттай хэрэгжүүлсэнд Бээжинг сайшааж, хоёр орны харилцааг “агуу хэтийн төлөвтэй” хэмээн тунхагласан ч БНХАУ-ын эрх баригчид Оросын “Сибирийн хүч-2” байгалийн хийн нэмэлт нийлүүлэлт, цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зураагүй байна.

ОХУ-ын 7 жилийн турш сурталчилж байгаа “Сибирийн хүч-2” төслийг “Бүс ба зам” уулзалтын үеэр хэлэлцэхээр магадгүй төлөвлөж байсан ч “ямар ч баримт бичигт гарын үсэг зурахгүй” гэж В.Путины хэвлэлийн төлөөлөгч Д.Песков айлчлалын эхний өдөр мэдэгджээ.

Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадтай уулзахаар эрчим хүчний асуудал эрхэлсэн Шадар сайд Александр Новак, Газпром компанийн тэргүүн Алексей Миллер, Роснефть компанийн тэргүүн Игорь Сечин зэрэг төлөөлөгчдөө дагуулан Хятадад ирсэн ч “Ши Жиньпин Оросын байгалийн хийн шинэ гэрээг дахин үгүйсгэлээ” гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

-"СИБИРИЙН ХҮЧ-2" ХИЙ ХООЛОЙГ МОНГОЛЫН НУТГААР ДАЙРУУЛАХЫН ТУЛД ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД НАР УУЛЗАЛТ, МЭДЭГДЭЛ ХИЙЖ БАЙВ- 

Орос, Хятадыг холбосон “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах, барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангах ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан хариуцаж байгаа. Тэрээр Украины дайн эхлэхийн өмнөхөн /2022.01.25/ ОХУ-ын “Газпром” компанитай хийн хоолойн ТЭЗҮ-г эцэслэсэн тухай “тэмдэглэл”-д гарын үсэг зурсан юм.  

Сонирхуулахад, “Сибирийн хүч-2” хэмээх төсөл нь 50 тэрбум шоо метр хүртэлх хийг Оросын Арктик дахь Ямалийн хойгоос Монголын нутгаар дайруулан барьсан 6000 километр хоолойгоор Хятадын өмнөд нутагт нийлүүлэх төсөл юм. Харин тус хийн хоолойг газар нутгаараа дамжуулсны төлбөрт Монгол Улс ОХУ-ын “Газпром” компаниас олон тэрбум ам.долларын төлбөр авах ёстой. Иймд 2022 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д болсон чуулганд оролцож В.Путинтай хийн хоолойн асуудлыг ярихад тэрээр “Оросын эрчим хүчний түүхий эдийг нийлүүлэх маршрутуудын нэг нь Монголын нутаг” гэж мэдэгдсэн байдаг. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хурлын үеэр Монгол, Хятад, Оросын гурван талт уулзалтад оролцож Хятадын дарга Ши Жиньпинд хандаж “ОХУ, Монгол улс уг төслийн талаар идэвхтэй харилцаж байгаа” талаараа ярьсан байдаг.

ВИДЕО: Хятадын дарга Ши Жиньпинд хандаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "Сибирийн хүч-2" хийн хоолойн талаар хэлсэн үг.  

Харин нөгөө талд Орос, Украины асуудал хурцадмал байгаа энэ үед ОХУ-ын хий хоолой /Сибирийн хүч-2/ Монгол Улсын газар нутгаар дамжсан тохиолдолд аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх бол гэдэг нь зарим иргэдэд эргэлзээ төрүүлээд буй. Магадгүй ОХУ хий хоолойгоо хамгаалах нэрийдлээр манай улс руу цэргээ оруулах юм биш гэх хардлага, болгоомжлол ч байгаа юм. 

-ХЯТАД УЛС ОРОСООС ХИЙ АВАХГҮЙ БАЙСАН Ч БАЙГАЛИЙН ХИЙН “ХОМСТОЛД” ОРОХГҮЙ АЖ-

Үнэн хэрэгтэй, “Сибирийн хүч-2” хийн хоолойг барих эсэхийг ОХУ биш БНХАУ шийдэх ба одоог хүртэл тус хий хоолой нь Хятадад хэрэгтэй эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тодруулбал, 60 тэрбум ам.долларын өртгөөр бүтсэн Орос, Хятадыг холбосон “Сибирийн хүч-1” хий хоолой 2019 онд ашиглалтад орсон ч, 2020 оноос эхлэн Хятад улс Оросоос авах хийн хэмжээгээ эрс багасгасан.

Учир нь Хятад улс Оросоос хий авахгүй байсан ч байгалийн хийн хомстолд орохгүй. Тус улс нь өөрийн хийн олборлолт болон АНУ, Катар, Алжир, Казахстанаас их хэмжээний байгалийн хий авч байгаа юм. Нөгөө талаар “Сибирийн хүч-1” хий хоолой нь зөвхөн Хятадад ашигтай хийгдсэн бөгөөд тус хоолойгоос салбарлаад өөр улсад хий нийлүүлэх боломжгүй. Мөн Хятадууд Оросоос хий авахгүй гэвэл “Сибирийн хүч-1” хоолой төмрийн хог болох тул ОХУ өөрийн хийн үнээ ч тус улсад тулгах ямар ч боломжгүй байгаа гэдэг.

Иймд “Сибирийн хүч-2” хий хоолойг барьснаар Хятад улс хий худалдаж авах баталгаа гаргаагүй бөгөөд “санамж бичиг” л байгуулаад байгаа юм.

Учир нь Оросын хийн хоолой нь Хятадын “гол эх үүсвэр биш бөгөөд зөвхөн ачаалал нэмэгдсэн үед ашиглах” зориулалттайгаар “Сибирийн хүч-1” хий хоолойг бариулсан гэж байгаа. Товчхондоо, “Сибирийн хүч-2” хийн хоолойг барих эсэхийг БНХАУ-ын эрэлт л шийднэ. Гэхдээ тэдэнд одоогоор ийм хэрэгцээ байхгүй байгаа ба “Сибирийн хүч-1” хийн хоолойг ч бүрэн ашиглахгүй байгаа юм.