ВИДЕО: Үл мэдэх зүйлд удаа дараа хордсон бага ангийн сурагчдын бие хүнд байхад, Н.Дашзэвэг захирал "хүүхдүүд газ үнэрлэсэн байж болзошгүй" гэлээ

ВИДЕО: Үл мэдэх зүйлд удаа дараа хордсон бага ангийн сурагчдын бие хүнд байхад, Н.Дашзэвэг захирал "хүүхдүүд газ үнэрлэсэн байж болзошгүй" гэлээ

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 18 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагчид удаа дараа үл мэдэх шалтгаанаар хордож, эмнэлэгт хүргэгдсэн асуудал гарсан. Тодруулбал, есдүгээр сарын 21-ны өдөр ЕБ-ын 18 дугаар сургуулийн 21 сурагч бөөлжих, толгой эргэх, дотор муухайрах шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн бол аравдугаар сарын 12-ны өдөр өмнө нь хордож, эмнэлэгт хүргэгдсэн 14 хүүхэд дахин сургууль дээрээ хордлого авч эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Гэвч сурагчдын хордсон шалтгааныг мэргэжлийн байгууллагаас одоог хүртэл нарийн тогтоогоогүй байгаа юм.

Ийнхүү хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрх нь ноцтойгоор зөрчигдөж, удаа дараа хордлого аван биеийн байдал нь тодорхойгүй байна. Иймд бид хүүхдүүд чухам юунаас хордож байгаа шалтгаан, нөхцлийг тодруулахаар газар дээрээс нь сурвалжиллаа.

ВИДЕО: 

Есдүгээр сарын 21-ны өдөр хүүхдүүд хордоход нийслэлийн ЕБ-ын 18 дугаар сургуулийн багш, сурагчид "Монгол бизнес" дээд сургуулийн түрээсийн байранд хичээллэж байжээ. Харин хоёр дахь удаагаа хордох үе нь Улаанбаатар хот нэлэнхүйд нь хурц үнэр үнэртдэг өдөр буюу аравдугаар сарын 12-ны өдөр сурагчид 18 дугаар сургуулийн өөрсдийн хичээлийн байранд үйл ажиллагаагаа явуулж байсан.

Ингээд бид хүүхдүүдийн хордож буй шалтгаан, түүнчлэн одоо хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар сургуулийн удирдлагуудаас тодрууллаа.

"Монгол Бизнес" дээд сургуулийн захирал Н.Дашзэвэг, “Түрээслэсэн анги болон нойлын өрөөг хичээлийн үйл ажиллагаа явуулж буй сургууль өөрсдөө цэвэрлэх үүрэгтэй бөгөөд хордлого авах үед сургуулийн байранд цэвэрлэгч байгаагүй. Өөрөөр хэлбэл есдүгээр сарын 1-ээс хойш огт цэвэрлээгүй гэсэн үг. Хүүхдүүдийн хордлогыг шинжлэхээр хэд хэдэн арга хэмжээ авсны нэг нь хогийн савыг шинжлүүлэх. Мөн хоолноос хордсон байж магадгүй гэж үзэж байгаа. Түүнчлэн хүүхдүүд газ үнэртдэг, янз бүрийн үнэртэй зүйлс авч явж байгаад түүнээсээ харшилсан байхыг ч үгүйсгэхгүй. Манай сургуульд гурван цонхтой нэг ангид 50-аад сурагч суралцаж байна. Иймд агаарыг мөн л шинжилж байгаа. Гэтэл манай ангийг түрээсэлж байгаад дараа нь өөрийнхөө сургуульд очоод ахиад л хүүхдүүд хордлого авсан учраас манай сургуулийн орчинтой холбоогүй гэж бодож байна” гэлээ.

Харин энэ асуудлаар Нийслэлийн ерөнхий боловсролын 18-р сургуулийн захирал Д.Ган-Уяагаас тодруулахад, "Хордлого авсан зарим хүүхдүүдэд гарын булчин сулрах, алхах үед хөлөө чирэх шинж тэмдэг илэрсэн. Бизнесийн дунд сургуульд манай сургуулийн 6-8 дугаар ангийн 14 бүлгийн нийт 720 сурагч сурч байсан. Энэ бол өөрсдийн сургуулийн анги танхимын хүрэлцээгүй шалтгаанаар сүүлийн дөрөв дахь жилдээ түрээсэлж буй явдал. Тухайн ангид хичээллэж байхад шалнаас ч юм уу эвгүй үнэр гарсан гэсэн ямар шалтгаанаас болсон гэдгийг мэргэжлийн байгууллага олж, тогтоох байх. Яг юунаас болж хүүхдүүд хордсон гэдгийг олж тогтоохыг л хүсэж  байна. Одоогоор тодорхойгүй байна" гэв. Мөн хүүхдүүдийн эцэг эхээс асуудлыг тодруулж, хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар асуухыг хүссэн ч бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Ийнхүү хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрх ноцтойгоор зөрчигдөж, сургууль дээрээ хордлогод орон биеийн байдал тодорхойгүй байна.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө