Д.Дөлгөөн: Мартаж болохгүй, засаж сайжруулах зүйлс бий. Түүнийг л контентоороо дамжуулан харуулж, ойлгуулахыг зорьдог /ВИДЕО/

Д.Дөлгөөн: Мартаж болохгүй, засаж сайжруулах зүйлс бий. Түүнийг л контентоороо дамжуулан харуулж, ойлгуулахыг зорьдог /ВИДЕО/

Ил тод хулгай, үр дүнгүй ажлыг хатуухан болоод хоржоонтой шүүмжилж,  хувь хүний араншин бусдадаа хэрхэн нөлөөлж хүний амьдралыг өөрчилж болохыг богино бичлэгээр харуулж буй залуу жүжигчин Д.Дөлгөөнийг бид энэ удаа онцолж байна.

Түүний хувьд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Энэ онд найзынхаа гуйлтын дагуу “нутаг нутгийн хүүхнүүдийн залуу найрах арга” богино бичлэгт дүр бүтээснээр олны танил болсон. Харин одоогоор “SENSO” энтертайнмент жүжигчнээр ажиллаж байна.  

Өмнө нь ордууд, сургуулиудын охид, нутаг нутгийн хүүхнүүд гэхчлэн олон төрлийн инээдмийн богино бичлэгт дүр бүтээж байсан бол одоо “SENSO” энтертайнментад үеийн залуустайгаа гар нийлж түлхүү нийгмийн асуудлуудыг хөндсөн видеог бүтээх болсон юм. Тэдний хувьд сэдэв судалж санаагаа гаргаад, бөөндөө ярилцаж видео бүтээдэг аж.  Ингээд  түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Яагаад богино видео хийх болов?

-Хүмүүс урт, нуршсан, сунжирсан юманд дургүй болчихсон. Би ч гэсэн юм үзэж явж байгаад урт байвал залхаж гүйлгэдэг болсон. Тиймээс яг хэлж, дугарах гээд байгаа санаагаа богинохон хугацаанд багтааж ярьж, хэлж инээлгэж чадаж байвал болоод байна гэж харж байгаа. Жишээлбэл “Шулам хадам ээж” гэхэд л үнэхээр тийм хадам Монголд зөндөө байгаа. Хүмүүс зүгээр л хэлдэггүй, дугардаггүй, мэддэггүй. Тиймээс л богино видеогоор яг хүмүүсийн загатнасан газар маажиж байгаа юм болов уу. Үнэхээр ямар нэг харилцаа эргээд хүмүүсийн болон хосуудын амьдралд нөлөөлөөд байна гэдгийг л дугарч харуулаад тэрийг хадам ээж нар үзээд өөрсдөөсөө ичиж байвал “буруу байсан юм байна шүү” гэж ойлгож байвал гол зорилго маань биелээд байгаа юм. Бид анзаардаггүй л болохоос яг үнэндээ зан харилцааны маш их доголдолтой нийгэмд амьдарч байна шүү дээ.

-Гэнэт л нэг охин нутаг нутгийн охид гээд гарч ирээд шууд л маш их хандалт авч байсан. Шинээр эхэлж буй залуусын хувьд мэдээж том амжилт байх. 

-Яг ч төлөвлөж гарсан юм биш л дээ.  Анх манай ангийн хүүхэд ажил дээрээ байсан намайг дуудаад “чи хальт нэг бичлэгт ороод өгөөч” гэсэн юм. Тэр нь нөгөө нутаг нутгийн бүсгүйчүүдийн залуу найрах онцлог байсан. Би уг нь нэг л дүрд нь тоглох байсан юм. Тэгсэн дуудсан хүмүүс нь яагаад ч юм болохгүй байсан юм уу. Тэгээд л хувцсаа солиод тоглочих гээд л гялс гялс хувцсаа солиод дөхүүлж тоглохыг хичээж байсан даа. Тэрнээс хойш ер нь “найзаа чамд бас ирээдүй байна шүү” гэж манай найз урам өгөөд энэ хүртэл явж байна.

-Та өөрөө аль аймгийнх вэ?

-Би Баянхонгор аймгийнх. Манай аймгийг “айраг нь хонгор, адуу нь хонгор, хүүхэн нь хонгор” л гэдэг байх аа.

-Нүүрний хувирал гэх юм уу. Нэг л хүн татах авьяастай санагдсан. Ер нь жүжиглэхдээ яаж бэлдэж байна?

-Би маш ажигч, шогч зан чанартай. Хүмүүсийг ажиглаад л ямар сонин инээв ямар сонин дугарав ч гэдэг юм уу. Тэр сонин үйлдлүүдийг нь би тогтоогоод л яваад байдаг. Тэгээд текстээ цээжилж байхдаа хаана нь хавчуулбал болохоор байна гэж харж байгаад оруулж өгдөг. Гэхдээ би чинь  аймар дүр бүтээсэн зүйл байхгүй шүү дээ. Ямартай ч зүгээр л сайхан инээлгээд явж л байя одоохондоо. Харин цаашид өөрийн гэсэн сайхан уран бүтээлтэй болох юм сан л гэж мөрөөддөг “Цаг нь ирэхээр” болох байх аа.

-Ногоон автобус гэхчлэн нийгмийн асуудлыг хөндөж байгаа харагддаг. Үүгээрээ юу хэлэхийг зорив?

-Мартаж болохгүй шүү дээ. Бид чинь 2023 онд амьдарч байгаа хүмүүс биз дээ. Гэтэл тэр автобус бол бүр дэлхийн хөгжлөөс хэд дахин хоцорсон яваад байгаа юм. Ер нь энэ мэтчилэн монголд яг юу болоод байгаа юм гэдгийг л контентоороо дамжуулаад дугарч харуулахыг хүссэн гэх юм уу. Сониуч зан дээр тулгуурлаад нөгөөх нь санаа болж ирээд байгаа юм. Ер нь энэ гишүүд юу хийгээд байна гэхчлэн.

-Баг хамт олны хувьд?

-Бидний ард үеийн нэг их насны зөрүүгүй залуус байдаг. Бид бүгд л СУИС төгссөн дээшээ, доошоо ах эгч нар л байгаа. Би чинь ганцаараа биш шүү дээ. Олуулаа, бөөнөөрөө явж байгаа.

-Цаашдын зорилго нь юу вэ?

-Би цаашид жүжигчнээрээ явна. Хийхийг хүссэн дуртай зүйлээ хийнэ шүү дээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө