Сэлэнгэ аймагийн Сайхан сум Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар есдүгээр сарын 24-ний өдрийн 19:00 цагийн орчим дөрвөн хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс есдүгээр сарын 29-ний өдрийн 12:40 цагт хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 29-ний өдрөөс аравдугаар сарын 01-ний өдрийг дуустал зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон бөгөөд эрэн хайх ажиллагааг дахин явуулах тухай хүсэлтийг ар гэрээс нь аравдугаар сарын 05-ны өдөр, сум дундын Цагдаагийн хэлтээс аравдугаар сарын 10-ны өдөр тус тус хүлээн авсан байна.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид иргэн Э/61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг аравдугаар сарын 19-ний өдрийн 08:00 цагаас 17:50 цаг хүртэл Шаамар сумын Дулаанхаан тосгоны “Хараа, Ерөө голын бэлчир” гэдэг газраас “Шаамарын гүүр” гэдэг газар хүртэл “Орхон” голын усаар 76 км-т завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул аравдугаар сарын 20-ны өдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.