Дуучин Ө.Уянга театраасаа шалтгаангүй халагдсан асуудлаар шүүхэд хандаж, цалингаа нөхөн авч ажилдаа орохоор болжээ

Дуучин Ө.Уянга театраасаа шалтгаангүй халагдсан асуудлаар шүүхэд хандаж, цалингаа нөхөн авч ажилдаа орохоор болжээ

ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга өнгөрөгч нэгдүгээр сард театраасаа шалтгаангүйгээр халагдсан асуудлаараа хуулийн байгууллагад хандсан байна. Улмаар түүнийг эргэн ажилд нь томилох шүүхийн шийдвэр гарчээ.

Тодруулбал, Дуурийн дуучин МУГЖ Ө.Уянга тодорхой бус шалтгааны улмаас ажлаасаа халагдсан түүнийг ДБЭТ-ын гоцлол дуучнаар ажилд нь буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нь олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх шүүхийн шийдвэр гарсан байна.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа, “Дуурийн театраасаа халагдаад юу болсон бэ. Эргэж ажилдаа орсон уу. гэсэн асуулт нэг сараас хойш намайг дагалаа. Анх театрынхаа босгыг алхаж орсноос хойш энэ мэргэжил нэгдүгээрт юм шүү гэдгийг тайз минь миний ой тойнд гүн гүнзгий суулгаж өгсөн юм. Олон сайхан авьяастны гал голомт болсон ягаан театраасаа их ч зүйлийг сурч, их ч зүйлийг өөртөө шингээж авсан. Тайзан дээрээ гарахгүй, дуулахгүй байна гэдэг миний хувьд үнэхээр хүнд цохилт байлаа.

Ажлаасаа халагдах тушаал аваад яахаа мэдэхгүй шууд л театрынхаа үйлдвэрчний эвлэлд хандсан. Бас хамгийн түрүүнд хуулийн зөвлөгөө авах хэрэгтэй гэж бодсон. Ингээд л өмгөөлөгчтэй уулзаж шүүхэд хандах шийдвэр гаргасан.

Шүүх хурал энэ сарын 11-нд хуралдаж би гэдэг хүн анх удаа шүүх хуралд суув. Олон цаг үргэлжилсний дараа шүүхийн шийдвэр иргэн миний талд гарч "Монгол Улсын иргэн Ө.Уянгыг ДБЭТ-ын гоцлол дуучнаар ажилд нь буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлсүгэй" гэсэн шийдвэр гарлаа. Өнөөдөр би энэ мэдээг дуулгаж байгаадаа маш их баяртай байна” хэмээн бичжээ.