Хойд Солонгост Төрийн зөвлөлийн АНУ-ын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Ким Хек Чоль цаазлуулсан гэж Өмнөд Солонгосын Чосун Ильбо сонин мэдээлжээ. Түүний зэрэгцээ, Ханойн дээд хэмжээний уулзалтанд оролцсон, БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны дөрвөн албан тушаалтныг мөн цаазалсан байна.
Хойд Солонгосын нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр, Ким Хек Чолыг тус улсын Гадаад хэргийн яамны дөрвөн албан тушаалтны хамт өнгөрсөн гуравдугаар сард “Мирим” нисэх онгоцны буудалд байцааж, улмаар цаазалсан талаар тус сонинд цохон тэмдэглэжээ. Шинжээчдийн мэдээлснээр, тэднийг Ханойд болсон хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр алдаа дутагдал гаргасан хэмээн үзэж, цаазаар авсан нь олон нийтийн анхаарлыг татаж буй аж.
Чосун Ильбо сонины мэдээлснээр, АНУ болно БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн хоёр дахь дээд хэмжээний уулзалтан дээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай зөвшилцөлд хүрч чадаагүй гэж дээрх өндөр албан тушаалтнуудыг цаазлах тушаалыг Ким Жон Ун өгсөн гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээлжээ.
Чусон Ильбо сонин ийнхүү мэдээлсэн ч БНСУ энэ мэдээллийг албан ёсоор баталгаажуулах боломжгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд "Одоогоор бидэнд ийм мэдээлэл алга. Мөн Хойд Солонгосын албан ёсны хэвлэлүүдээр ч үүнтэй холбоотой мэдээлэл гараагүй байна" хэмээн БНСУ-ын Нэгдлийн яамны төлөөлөгч ТАСС агентлагт мэдээлжээ.