ШУУД: “Петровис” ШТС-д АИ 92, 95 тасарч, Дизелийн түлшийг хэвийн олгож байна

ШУУД: “Петровис” ШТС-д АИ 92, 95 тасарч, Дизелийн түлшийг хэвийн олгож байна

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Ингэхдээ нийт хэрэглээний 95 орчим хувийг ОХУ-аас Сүхбаатар, Эрээнцав боомтоор төмөр замаар, Цагааннуур, Боршоо боомтуудаар авто замаар импортолдог. 

ВИДЕО:

ОХУ-ын дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ оны есдүгээр сарын 22-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар шатахууны экспортыг хориглох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлээгүй, импорт тодорхой хугацаанд саатсан билээ. 

Улмаар Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2023 оны аравдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ОХУ-аас манай улсад Сүхбаатар боомтоор газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээн явуулж эхэлсэн гэх мэдээллийг УУХҮ-ийн яам өгсөн. Гэвч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан дотоодын зах зээл дээр шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байна. 

Үүнийг импортоор орж ирсэн шатахуунтай вагонуудын гаалийн бүрдүүлэлт дээр гацсаны улмаас нийлүүлэлт удаж байна хэмээн АМГТГ-аас тайлбарлаж буй. Гэсэн хэдий ч шатахууныг шуурхай оруулах заалттай байдаг учраас гацаж, саатах учиргүй тул ОХУ-аас шатахуун хэвийн нийлүүлэхгүй байгаа юу гэх хардлагыг төрүүлж байна.

Түүнчлэн ОХУ шатахуун хэвийн нийлүүлэхгүй байгаа тул "Петровис" ШТС үнээ нэмж магадгүй гэх мэдээлэл бий.

Иймд бид Тасганы овоонд байрлалтай "Петровис" ШТС дээр очиж, нөхцөл байдлыг тодрууллаа. Тус шатахуун түгээх станцын ажилтны хэлж буйгаар, "Одоогийн байдлаар дизель түлш хэвийн олгож байна. Харин 92, 95 бага ирж байгаа учир өдөртөө тасарчхаад байгаа. Одоохондоо ямар ч үнийн нэмэгдэлгүй зарж байна" гэлээ.

Харин зарим ШТС-уудад 92 болон 95 тасарсан байгаа бол зарим нь 30 мянган төгрөгт лимит тогтоон шатахуун олгож байгаа бөгөөд өдрийн 13:00 цагийн үед Тасганы овоонд байрлалтай "Петровис" ШТС дээр очиход 92, 95 тасарсан  байлаа.