Ж.Дэлгэрсайхан: Төр байшин барьсаар байвал төсөв хэзээ ч үр дүнгээ өгч ядуурал буурч, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн тогтолцоогоо сайжруулахгүй

Ж.Дэлгэрсайхан: Төр байшин барьсаар байвал төсөв хэзээ ч үр дүнгээ өгч ядуурал буурч, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн тогтолцоогоо сайжруулахгүй

2024 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцэх энэ шатанд СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

ВИДЕО: 

-МИНИЙ ОЙЛГОЖ БАЙГААГААР ТӨСВИЙГ ТӨЛӨВЛӨХ ЯВЦАД УЛС ТӨРИЙН НӨЛӨӨЛӨЛ, ГАЖУУДАЛ ГАРЧХААД БАЙГАА УЧИР УИХ-ААР ТӨСВИЙН ТЭЛЭЛТИЙГ ХАРГАЛЗАН ҮЗЭХГҮЙГЭЭР БАТЛААД БАЙНА-

-2024 оны улсын төсвийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хийж эхэлж байна. Төсөв бол татвар төлөгчдөөс бүрдүүлсэн мөнгө. Гэтэл энэ мөнгө эргээд иргэдийн эрүүл мэнд, боловсрол, эрүүл аюулгүй амьдрах орчинд зарцуулагдаж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Ер нь ирэх оны төсөв иргэдийн амьдралд хэр үр дүнгээ өгөхөөр байна вэ?

-Уг нь Монгол Улсын төсөв ямар ч үр дүнгүй, бодлогогүй байгаа юм биш. Бага ч болов тодорхой үр дүнд хүрч байгаа бөгөөд бодлого, төлөвлөлтийн хувьд сайжирсан. Гэхдээ хангалттай үр дүнтэй биш. Сүүлийн 10 жилийн хугацаанд төсөв нэлээд тэллээ. Үүнийг дагаад алдагдал ч маш их нэмэгдсэн. Үүнд гадаад орчны сөрөг нөлөө байсан боловч манай улсын нийт иргэдийн амьдрал яаж сайжирсан бэ гэдэг асуудлаар Монгол төрийн ажил хэмжигдэнэ гэж би ойлгодог. Тиймээс төсвийн үр дүнг харахын тулд төсвийн ард орших эрүүл мэнд, батлан хамгаалах, төрийн үйлчилгээ болон бодлогын чанар сайжирсан эсэх болон ядуурал буурч, хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг харж, түүнийгээ шалгуур болгож төсвийн урт, дунд, богино хугацааны үр дүнг хэлэлцэх ёстой. Үр дүнд суурилсан төсөв гэдгийг их олон янзаар ярьдаг. Макро эдийн засаг болон нийгмийн гол үзүүлэлтүүд л Монгол Улсын эдийн засаг болон төсвийн бодлогын үр дүнг шалгана. Ерөөс улсын төсөв нь үндэсний аюулгүй байдал болон улсын хөгжлийн төлөвлөгөөнд нийцэж байгаа юу гэдэг ганц л асуудлыг ярих ёстой. Түүнчлэн үндэсний аюулгүй байдлын бодлого, өрийн стратегитай нийцэж байгаа эсэхийг сэтгүүлч, ард иргэд гээд бүгд анхааралтай ажиглах ёстой. Дараа нь эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, зам тээвэр зэрэг чиглэлүүдэд ямар байгаа вэ гэдгийг харах нь зүйтэй. Төсөв боловсруулах, хэлэлцэх үйл явцыг яг дээрх дарааллаар явуулах бөгөөд олон талын оролцоотой байвал үндэсний хэмжээний бодлого зөв зам руугаа ойртоно.

-Төсөвт зарлагыг нэмэгдүүлсэн нь сонгуультай холбоотой. Сонгуулийн жилийн төсөв учраас зарлага нэмэгдэж, төсөв тэлсэн байна. Ингээд төсвийг хүртэл улстөржүүлж, тарамдуулаад байгааг та хэрхэн харж байгаа вэ?

-Төсөв дэх улс төрийн нөлөөлөл асар өндөр байна. Одоо үргэлжилж буй төсвийн хэлэлцүүлгээс ажиглаж л байгаа байх. УИХ-ын гишүүд, Засгийн газар нь өргөн барьсан төсвөө эсэргүүцээд, шүүмжлээд л сууж байна шүү дээ. Гол нь улс төрийн нөлөөллөөс төсвийг ангид байлгах хэрэгтэй. Үүнээс гадна зөв төсөв хийх тогтолцоог нь баталгаажуулах нь зөв. Үүнийг тогтвортой байлгахын тулд Төсвийг тогтворжуулах хууль, Хяналт шалгалтын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль зэргийг баталсан боловч эргээд тогтолцоогоо эвдчихдэг. Өнөөдрийг хүртэл төсвийн тогтвортой байдлыг хэдэн арван удаа өөрчилсөн. УИХ хэлэлцүүлгийн явцдаа түрүүний ярьсан макро эдийн засгийн гол шалгуурыг хангаж чаддаггүй. Тэгэхээр тогтолцоог засах ёстой.

Миний ойлгож байгаагаар төсвийг төлөвлөх явцад улс төрийн нөлөөлөл, гажуудал гарчхаад байгаа учир УИХ-аар төсвийн тэлэлтийг харгалзан үзэхгүйгээр батлаад байна. Төсвийн тогтолцооны хувьд эрх зүйн орчноо илүү сайжруулж баталгаажуулах, улс төрийн нөлөөллөөс ангид байлгах болон тойргийн нөлөөллөөс ангид байлгах механизмыг хийж чадвал төсвийг үр дүнтэй болгож чадна.

Мөн УИХ-ын гишүүд тойрог руугаа төсөв чангаадаггүй болбол үр дүнгээ өгнө. Сүүлийн гучин жилийн хугацаанд тойрог дагасан төсвөөр тарамдуулсаар өнөөдөр эрүүл мэнд, боловсрол зэрэг дэд бүтэц гэсэн гол тогтолцоо руугаа төсвийн хөрөнгө оруулалтаа дорвитой чиглүүлж чадсангүй.

-ОЙРХИ ДОРНОДОД ҮҮСЭЭД БАЙГАА НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛЖ НЕФТИЙН ҮНЭ 150 АМ ДОЛЛАРТ ХҮРЧ МАГАДГҮЙ БАЙНА. ЭНЭ ҮНЭ ЗЭС, НҮҮРСТ СӨРӨГ ТАЛТАЙ-

-Зарлагаа нэмэгдүүлж, орлогоо өндөр төсөөлсөн нь ямар эрсдэлийг авчрах вэ. Мөн хавраас төрийн албан хаагчдынхаа цалинг нэмэгдүүлнэ гэж тооцож. Ер нь халамж нэмсэн төсөв болсон байна. Жишээ нь энэ инфляцид нөлөөлөх эрсдэлтэй шүү дээ?

-Сангийн яамны тайлбарлаж буйгаар цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамж зэрэг нэг удаагийн болон байнгын шинжтэй зардлыг нэмэхээс өөр аргагүй байна гэсэн. Сүүлийн жилүүдэд өргөн барьж буй төсөв улс төрийн нөлөөлөлтэй төсөв байгаад байна. Сонгуулийн төсөв, улс төрийн нөлөөллийн төсөв гэдгийг бид бүгд л мэддэг. Сангийн яамны тайлбарын дагуу энэ хэмжээний төсвийн тэлэлт шаардлагатай байсан гэж бодоход хоёр, гурван томоохон хэмжээний эрсдэлийг бид гарцаагүй бодох ёстой. Нэгдүгээрт төсөв тэлж, төрийн оролцоо тасралтгүй өсөөд бараг 40 хувьд хүрчхээд байхад хувийн хэвшил хөгжих орон зай, татварын бааз нэмэгдүүлэх, бизнесийн орчинд эерэг, сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг хамгийн түрүүнд бодох ёстой. Хоёрдугаарт төсвийг өндөр төлөвлөж байгаа нь Монгол Улсын өрийн түвшин, үндэсний аюулгүй байдлын түвшин тэдгээртэй нийцэж байгаа эсэхийг харах, гуравдугаарт төсөвлөсөн байгаа төсөл нь бодитой хэрэгжиж байгаа болон тохиромжтой юу гэдгийг анхаарах нь зүйтэй. Гуравдугаарт, 60 сая тонн нүүрс зарах уу, үгүй юу. Зэс, нүүрсний үнэ өнөөдрийнх шиг өндөр  байх уу. Олон улсын санхүүгийн байгууллагуудын хэлж байгаагаар 2024 он маш эрсдэлтэй.

Ойрхи Дорнодод үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж нефтийн үнэ 150 ам долларт хүрч магадгүй байна. Энэ үнэ зэс, нүүрст сөрөг талтай. Зарим улсууд тухайлбал Австрали зэрэг улсуудын хувьд нүүрсний үнийг харьцангуй бутархай таамаглаж байна. Гарцаа өндөржүүлэх замаар орлогоо тогтворжуулах хувилбарыг эрэлхийлэх жишээний.

Иймэрхүү байдлаар дунд хугацааны төлөвлөлт дээрээ гадаад бодлогоо тодорхойлж байна. Энэхүү эрсдэлүүдийг тооцож төсвөө батлах ёстой. Хэрвээ тэр эрсдэл үүсвэл дахиад алдагдал хүлээж, өр нэмэгдэнэ. Тэр тохиолдолд Монгол Улс яах ёстой вэ гэдгийг бодсон байх ёстой. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхгүй бол инфляци бараг гурван жил их өндөр буюу хоёр тоотой байлаа.  Энэ үед нэмэх нь зөв гэж харж байгаа.

Мөнгөний захаар дамжуулан төсвөө нэмэгдүүлж байгаагийн нөгөө талд гарцаагүй өндөр бүтээмж, бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт байх ёстой. Ингэж л эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлж инфляциа өдөөхгүй байх хэрэгтэй.

-Засгийн газрын өр найман тэрбум доллар, Монгол банкных хоёр тэрбум доллар байна. Мөн төрийн өмчит компаниудын өр нэмэгдэнэ. Тэгэхээр өрийг бууруулах ажлыг төсөвтэй хэр уясан байна вэ?

-Өрийн нөхцөл байдал нэрлэсэн дүнгээрээ нэмэгдээд л байгаа. Гэхдээ өрийн дарамт нэмэгдэж байгаа нь харьцангуй гайгүй. Учир нь сүүлийн үед өрийг өрөөр төлөөд байна гэж яригдаж байгаа ч өчигдөр бид өрийг өрөөр төлсөнгүй гэдэг Хөгжлийн банкны баярт мэдээг сонслоо. ДНБ-тэй харьцуулсан өрийн хэмжээ 40 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэвч энэ нь хэрэгжихгүй байна. Гэхдээ энэ хэмжээ 2016,2017 онд 80 гаруй хувьтай болж байсан. Тэр үед бид төсвийн тогтвортой байдлын хуулиа өөрчилж байсан. Одоо энэ хэмжээ 50 хувь руу орж ирж байгаа. ДНБ-тэй тэнцэх өөрийн хэмжээ харьцангуй багасаж байна. Гэхдээ олон улсын зээлжих зэрэглэлийн байгууллагуудаас биднийг үнэлдэг зээлжих зэрэглэл буурахгүй байна. Саяхан “B” хэвээр нь үлдээлээ. Тэгэхээр олон улсын байгууллагуудаас манай санхүүгийн эрсдэлийг нэмэгдэж байна гэж харахгүй байна. 2017 онд эдийн засгийн үзүүлэлт унаж бид дампуурах шахсан. Улмаар Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж хямралаасаа гарсан. Тэрний өмнө Монгол бондын өгөөжийн үнэ 30-40 хувьд хүрч ер нь дефолт зарлах эрсдэл үүссэн. Тэр нөхцөл байдалтай харьцуулбал өнөөдрийн нөхцөл байдал харьцангуй эерэг байна.. Гэхдээ эерэг гэж тайвшрахгүйгээр улам багасгах ёстой. 40 хувь гэдэг нь олон улсын ерөнхий жишиг хууль юм. Ялангуяа манайх шиг жижиг эмзэг, мөчлөг дагасан уул уурхайгаас өндөр хамааралтай, эрсдэл өндөртэй, нэг хүнд ноогдох ДНБ нь бага буурай орны хувьд өрийн хэмжээгээ 40 хувиас давуулаад байна гэдэг нь таатай зүйл биш. Тиймээс өрийн тогтоосон шалгууртаа хүргэх ёстой л гэж харж байна.

-ТӨРИЙН ОРОЛЦООГ БАГАСГАСНААР ТӨРИЙН ЗАРДАЛ БУУРНА, ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТОО БУУРНА. ИНГЭСНЭЭР ТӨРИЙН БҮТЭЭМЖ САЙЖИРЧ, ТАТВАРЫН ОРЛОГО НЭМЭГДЭНЭ-

-Он дамжсан 500 төслийг санхүүжүүлэхээр болжээ. Өмнөх жилүүдийнхтэй нийлээд 1000 төсөл байна. Гэхдээ энэ төслийн үр ашиг нь яаж гарах судалгаа алга. Ер нь төслүүд ямар үр ашиг өгөх тухай судалгааг хийж байж мөнгө хуваарилдаг болох тал руугаа явах ёстой юу?  

-Ер нь төсвийн хөрөнгө оруулалтыг зоригтой шинэчлэх ёстой. Авууштай нь энэ тал дээр Сангийн яам зоригтой шийдэл гаргах гэж оролдлоо. 2023 оны төсвийн төслөөр өмнө нь хэрэгжүүлж байсан төслүүдийг шахаж дуусгах гэж оролдсон. -2024 оноос төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжих хугацааг дээд тал нь гурван жил гэсэн хязгаар тогтоох гэж байна. Тэгэхээр 10 жил хэрэгждэг төсөлгүй болох нь.  Нэг төсөл олон жилийг дамнадаг байдлыг улс төртэй холбож л хардаг. Олон талын нөлөөлөл төсөвт их байдаг гэж таамагладаг. Үүнийг бид 2019 онд хийсэн судалгаагаар баталсан. Бүр 10 жил болоод дуусаагүй төсөл байна. Энэ нь төсөвт хоёр янзаар нөлөөлдөг. Нэгдүгээрт төсвийн нийгэм, эдийн засгийн үр ашиг буурна. Хоёрдугаарт олон жил сунжирсан төслүүдийн  төсөв дийлдэхээ байна. Түүхий эдийн үнэ өсөж тендерт орсон компаниуд төсвөө нэмэгдүүлэхийг шаардана. Ингэснээр төсвийн үр ашиг буурч байгаа юм. Тиймээс бид үүнийг огцом шинэчлэхийн  тулд дахин алдаагаа давтахгүй төсвийн хууль эрх зүйн орчин сайн, хөрөнгө оруулалтын орчин байгаа эсэхийг шалгах ёстой. Гэтэл өнөөдөр төсөв нь батлагдаагүй, үр ашиг нь тодорхойгүй төслийг батлах ёстой гээд Сангийн яам нь яриад сууж байна шүү дээ. Тэгэхээр ийм төсвүүдийг хуулиар шийддэг болох, УИХ хуулиа дээдэлж УИХ-ын гишүүдийн төсөвт нөлөөлөх нөлөөллийг л ямар нэг байдлаар хязгаарлах ёстой. 

-Гадны улсууд төсвийн зарлагаа хөрөөдөж,  төрийн оролцоогоо багасгаж байна. Засгийн газар ч үүнийг анхаарч ажиллавал гэж хэлэх хүмүүс олон байгаа. Та үүнтэй санал нийлэх үү. Төр бүх ажилд оролцохын оронд бусдаас хараат байгаа эрчим хүчний салбарын томооохон төсөлдөө анхаардаг байвал илүү үр дүнтэй, бодит ажил болно гэж боддог уу?

-Зах зээлийн эдийн засагтай орон юм бол төрийн оролцоог дээд хэмжээгээр бууруулах ёстой. Төрийн өмчит компаниудыг дахин хувьчилж, хувьчлалын дараагийн арга хэмжээг авах ёстой. Төрийн гэх бүхнийг багасгах ёстой. Эрүүл мэнд, боловсрол, гол дэд бүтэц, батлан хамгаалах гэсэн цөөхөн салбарт төр байх ёстой. Энэ бол бидний хүсээд буй сонгодог эдийн засгийн зарчим. Төр зах зээлийн зөв хөрс суурь, зарчмыг л бэлдэж өгөх ёстой юм.

Гэтэл бид төрийн оролцоог буруу ойлгоод байна шүү дээ. Төр нь хүртэл байшин барих гээд явж байх жишээтэй. Төрийн оролцоог багасгаснаар төрийн зардал буурна, төрийн албан хаагчдын тоо буурна. Ингэснээр төрийн бүтээмж сайжирч, татварын орлого нэмэгдэнэ. Энэ зарчим руу анхаарах ёстой. Гэхдээ энэ ажлаа хийх бүртээ судалгаатай ажиллаж, үр ашигтай байх ёстой.

-Та НӨАТ-ын 5 хувийн буцаан олголтын тухай санал асуулгын талаар шүүмжлэлтэй байр, суурьтай байгаа юм байна. Тийм үү? 

-НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож болно. Онолын хувьд болохгүй зүйлгүй. Гэхдээ тооцоо, судалгаатай ажиллах ёстой. Шинжлэх ухаан ч бишээр ажиллаж иргэдээс санал авч байгаад нь би шүүмжлэлтэй хандаж байгаа юм. НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгочихоор татварын орлого  нэг их наядаар нэмэгдэнэ гэж яриад байна. Тэр тооцоо хэний гарт байгаа юм. Тэр тооцоог хэн, хэзээ хийлгэсэн. Таамаглал, төсөөлөл, туршилтаар төрийн бодлогыг явуулдаггүй юм. Иргэдийг сонсох үр ашигтай механизмын эхлэлийг буруу болгож завхруулах гээд байгаа нь осолтой. Мөн нэгэнт бий болсон татварын тогтолцоогоо сэтгэл хөөрлөөр эвдэж болохгүй. Судалгаатай бол би ч гараа өргөөд дэмжинэ.

-Сүүлийн гурван жилийн төсвийн төслөөс нэг зүйл анзаарагдах боллоо. Түүхэн аялал жуулчлал хөгжүүлнэ гэх үндэслэлээр нэг аймагт илүү их төсөв хуваарилдаг. Тэр мөнгөөр Андлалын хөшөө шиг юм бариад нураагаад байдаг боллоо?

-Нэгдүгээрт, улс төрд нөлөөлнө. Хоёрдугаарт, судалгаа, тооцоогүй байдал. Улстөрийн нөлөөгөөр тэр аймгийн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлж болно. Гэхдээ хийж байгаа хүмүүс нь буруу ажиллаад байна шүү дээ. Шат, шатандаа алдаа байна. Ямар учраас тус аймагт илүү төсөв хуваарилж байгаа тайлбар нь их өнгөц байна. Мөн тооцоо судалгаагүй ажиллаж төсвийн мөнгөөр тоглоод хаяж байна шүү дээ. Илүү төсөв хуваарилагдаж болно. Гэхдээ энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хөгжлийн төлөвлөгөөнд таарах ёстой. Зам харгуй нь гарцаагүй тэр аймгаар явж байгаа бол замаа тавьж болно. Гэхдээ үндэслэл шалгууртайгаа нийцэж байх ёстой юм.