Э.Нинжин: Миний зорилго бол инфлүүнсер биш. Гэхдээ олон нийтэд контент хүргэж байгаа учир буруу үлгэр дуурайлал үзүүлэх эрх надад байхгүй /ВИДЕО/

Э.Нинжин: Миний зорилго бол инфлүүнсер биш. Гэхдээ олон нийтэд контент хүргэж байгаа учир буруу үлгэр дуурайлал үзүүлэх эрх надад байхгүй /ВИДЕО/

Нийгэмд гарч ирж буй шинэ гэж болохуйц, яг одоогоор тренд болж байгаа зүйл бол богино хэмжээний бичлэг буюу инстаграм, фейсбүүкийн рийл юм. Тэгвэл бид энэ удаа шинэ үеийн төлөөлөл, өөрийн өнцөг болон санааг хөнгөхөн, хөгжилтэй хэв маягаар богино хэмжээний бичлэг болгон олон нийтийн хүртээл болгодог контент бүтээгч нэгэн охиныг урьж ярилцлаа. Түүнийг инстаграмын богино хэмжээний инээдмийн бичлэг болон "Хэцүү анги" киноны Сувдаагийн дүү гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.

ВИДЕО:

Тэр бол инстаграмын богино хэмжээний бичлэгүүдээрээ орчин үеийн залуус дунд танигдаж яваа охин. Түүнийг Э.Нинжин гэдэг. Хэрвээ уншигч олон мэдэх бол тэрбээр "Шөнө дундын яриа 2" кинонд үзмэрч охины дүрийг өөрийн хэмжээнд, чадварлаг бүтээсэн. Түүнийг зарим хүмүүс жүжигчин гэж бодож магадгүй юм. Э.Нинжин СУИС-д утга зохиол судлаач, кино жүжгийн зохиолч гэсэн хос мэргэжлээр суралцдаг бөгөөд дэлгэцийн өмнө гэхээс илүүтэй арын ерөтнцөд сонирхолтой, дуртай хэмээн ярина. 

- Миний мэдэж байгаагаар анх "Шөнө дундын яриа 2" кинонд дүр бүтээж байсан санагдаж байна. Энэ өөрийн чинь анхны кино байсан уу? Хэрэв үргэлжлүүлээд кинонд тоглосон бол авъяасай юм шиг санагдсан. Яагаад дахиж кинонд тоглоогүй вэ?

Би 15 настайдаа "Шөнө дунды яриа 2” гэж УСК-д тоглож байсан. Гэхдээ миний суурь мэргэжил, сонирхол бол камерны урд байдаг төрлийн хүн огт биш. Тухайн кинонд тоглож байх үед кинонд тоглох надад гоё санагддаг байсан. Жүжигчин болох юм сан гэж боддог байлаа. Тэр хүсэл мөрөөдлөөрөө зориглоод анх удаа дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээсэн минь тэр. Манай аав ээж телевийн хүмүүс байдаг. Манай ээж МҮОНТ-ийн эфирийн найруулагч хийдэг. Аав маань бас Үндэсний телевизэд найруулагчаар 30 гаруй жил ажиллаж байгаа. Кино уран бүтээлийн арын амьдралыг маш сайн мэддэг. Намайг жүжигчин болоход ирээдүйд ямар амьдрал угтаж авах, найруулагч хийвэл ирээдүйд яаж амьдрах, уран бүтээл бүтээж ажиллах юм бол ямар боломжтой талаар тэр үед надад хэлж байсан. Ингээд аав ээжийнхээ зөвлөгөөний дагуу тухайн үед кинонд дахиж тоглоогүй. Гэвч нэгдүгээрт би авъяасгүй. Хоёрдугаарт сураад төгсөхөд байнгын ажлын байртай байх зэрэг зорилго чиглэлээ тодорхойлж чадаагүй байсан учраас тухайн үед жүжигчин болох хүслээ орхисон.

- ЭГЧИЙГ МААНЬ "ХЭЦҮҮ АНГИ"-ИЙН СУВДААГИЙН ДҮРЭЭР ХҮМҮҮС САЙН МЭДНЭ -

-Миний мэдэж байгаагаар эгч нь мөн жүжигчин. Олон кинонд дүр бүтээсэн тийм ээ. Эгчийгээ анх зурагтаар хараад кинонд тогломоор санагдаж байв уу?

Манай эгч надтай адил утга зохиол судлаач, сэтгүүлч гэсэн мэргэжлээр сургууль төгссөн. Эгчийгээ харахад намайг бодвол илүү нээлттэй, жүжиглэх эвсэлтэй хүн шиг санагддаг.

Хүмүүс “Хэцүү анги”-ийн Сувдаагийн дүрээр нь сайн мэддэг. Тухайн үед намайг 6 настай байхад эгч маань “Хэцүү анги” гэж кинонд тоглож таарсан. Гэхдээ эгчийгээ кинонд тоглосноос хэлээн хойно жүжигчин гэдэг мэргэжилд дурлаж эхэлсэн. Тухайн үед ч, одоо ч бас кино, жүжиг үзэж байхдаа кинонд тоглож байгаа жүжигчдийг ямар гоё юм бэ, надад ч бас нэг ийм авъяас байгаа даа гэж боддог.

- Богино хэмжээний бичлэгүүдээ хийгээд хэдий хугацаа өнгөрч байна? Анх яагаад бичлэг хийх болсон бэ?

Инстаграмынхаа рийлийг анх энэ оны есдүгээр сараас эхэлж хийсэн. Тухайн үед “Би эгчийгээ дуурайсан нь” гээд бичлэг хийсэн. Тэр үед надад рийл хийх юм сан, хүнд танигдах юм сан гэсэн бодол огт байгаагүй. Зүгээр л эгчтэйгээ сууж байгаад хийсэн. Анхны бичлэгээ сошиал сүлжээнд байршуулахад хүмүүс маш эерэгээр хүлээж авсан учраас илүү гоё зүйл хийх хүсэл тэмүүлэлтэй болсон.

- Бичлэг хийх санаагаа хэрхэн олдог вэ? Бодит явдлаас сэдэвлэсэн зүйл бий юу?

Гэеүрч сууж байхад л маш их санаанууд орж ирдэг. Ер нь чөлөөт цагаараа л их хийдэг дээ. Болсон явдлаас сэдэвлэсэн зүйл нэг их байхгүй. Бүгд л миний бодлоос урган гарсан санаанууд байдаг.

- ИНСТАГРАМЫН БОГИНО ХЭМЖЭЭНИЙ БИЧЛЭГ ХИЙЖ МӨНГӨ ОЛОХ БҮРЭН БОЛОМЖТОЙ. ТЭР ТУСМАА МОНГОЛД -

- Сошиал платформыг залуус мөнгө олж, санхүүгээ зохицуулах нэг боломж гэж хардаг. Ер нь өөрийн чинь адил инстаграмд ч юм уу богино хэмжээний бичлэг хийгээд өөрийн хэмжээнд мөнгө, санхүүгээ зохицуулах хэр боломжтой вэ?

Инстаграмаар рийл хийж, мөнгө олох боломж бүрэн бий. Монголд үздэг хүмүүс нь цөөхөн, бараг бүх хүмүүс нь үзчихдэг учраас ямар нэгэн байгууллагаас санал орж ирэх боломж маш их байдаг. Гэхдээ үүнд маш няхуур хандах хэрэгтэй. Бүх зүйлийг сурталчлах юм бол хүн үзэхгүй. Тиймээс ямар нэгэн бараа бүтээгдэхүүн сурталчлах гэж байгаа бол маш нямбай, цэвэрхэн ажиллах хэрэгтэй л дээ.

- Олон нийтийн сүлжээнд бичлэг хийж байгаа хүнд эерэг сэтгэгдэл, түүнийгээ дагаад сөрөг сэтгэгдэл ч маш их ирдэг байх. Үүнд хэр их ач холбогдол өгдөг вэ? 

Сөрөг сэтгэгдэл зөндөө л ирдэг. Гэхдээ би уг нь хэнд ч гай болоогүй, хүнд буруу юм хийгээгүй. Гэтэл хүмүүс гадаад төрх, өнгө үзэмжээр доромжлох зүйлс маш байдаг. Зарим нь “Би чамайг тэнд харсан. Өндөр гоё охин байна лээ” гэж байгаа нь хүртэл надад сонин санагддаг. Ер нь хүмүүсийн сэтгэгдэл их сонин. Үзэн ядаад байгаа ч юм шиг. Доромжлоод байгаа ч юм шиг. Тэгсэн мөртлөө хайрлаад ч байгаа юм шиг ойлгомжгүй. Нэг хүн намайг муухай үгээр хэлэхэд бүх хүн намайг тэгээд хэлчихсэн юм шиг маш муухай сэтгэгдэл төрүүлдэг. Ер нь үг гэдэг маш хүчтэй шүү дээ. Түүнээс нь болоод шаналж, сэтгэлээр унах, бүх бурууг өөр дээрээ хүлээж авах үе их байдаг. Зөвхөн би ч гэлтгүй бүх хүмүүс тийм эмзэг байдаг байх. Гэхдээ би яг тийм сошиал орчинд хүн муулдаг хүмүүсийг өрөвддөг. 

- МИНИЙ ЗОРИЛГО БОЛ ИНФЛҮҮНСЕР БИШ. ГЭХДЭЭ ОЛОН НИЙТЭД КОНТЕНТ ХҮРГЭЖ БАЙГАА УЧИР БУРУУ ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ ҮЗҮҮЛЭХ ЭРХ НАДАД БАЙХГҮЙ -

- Олон нийтийн сүлжээнд өөрийн чинь хийсэн бичлэг олон хүнд хүрч байгаа. Тэр хэмжээгээрээ бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлчихгүй байх юм сан гэсэн сэтгэлээр бичлэгээ хийдэг үү? Ер нь бичлэгээрээ бусдад ямар нөлөөлөл үзүүлэхийг хүсдэг вэ? Цаашдаа бас хэр удаан хугацаанд бичлэгээ хийх вэ?

Миний үдсэн зорилго бол инфлүүнсер биш. Гэхдээ нэгэнт өөрийнхөө зүс царай, биеийн хэлэмжийг олонд хүргэж байгаа учир надад хүмүүст буруу үлгэр дуурайлал үзүүлэх эрх байхгүй. Миний бичлэгийг жоохон хүүхдүүд болон ямар ч сэтгэл зүйтэй хүн үзэж байж магадгүй, эмзэгээр хүлээж авч болох юм гэсэн айдас надад байдаг. Тийм ч учраас хараалын үг, хэн нэгэн рүү дайрч хэн нэгнийг буруутгасан сэдвээс аль болох хол байхыг хичээдэг. Намайг үзээд хэн нэгэн бага ч гэсэн гоё мэдрэмж авдаг байгаасай гэж боддог болохоор л хөнгөхөн хөөрхөн, инээдтэй бичлэгүүд хийдэг.

Инстаграм рийл цааш хэр хугацаанд тренд байхыг мэдэхгүй. Хувьсан өөрчлөгдөж байгаа зүйл. Ковидын үеэр тик токийг маш их үздэг байсан. Харин одоо инстаграм рийлийг хүн болгон өдөрт тодорхой хэмжээний цаг минут зарцуулаад үздэг болсон байна. Тиймээс инстаграм рийлээ үргэлжлүүлээд хийх хүсэл байгаа. Гэхдээ бүх зүйлээ зориулаад хийнэ гэж мэдээж байхгүй.

- Одоо ямар мэргэжлийг сонгосон бэ? Яагаад сонгох болов?

Би одоо кино жүжгийн зохиолч, утга зохиол судлал гэсэн хос мэргэжлээр суралцаж байгаа. Энэ мэрэгжил Монголд маш их эрэлттэй. Орчин үеийн кино урлаг болон театр урлагийг харвал зохиолоор маш их дутагдаж байна. Тиймээс энэ мэргэжлийг сонгосон. Мөн чөлөөт цагаараа фейсбүүк хуудсаараа киноны сэтгэгдэл, шүүмж бичдэг. Үүнийг би хувьдаа өөрийнхөө ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа зүйл гэж хардаг. Кинонд диалоги гэдэг нь маш чухал. Тухайн кино сайн эсэхийг харилцан ярианаас нь л мэдэж болдог. Маш цөөхөн үгээр гүн гүнзгий утга санааг илэрхийлдэг байх ёстой. Киног хүн болгон үзэж байгаа учраас мөн л муу муйхайг сурталчилсан биш, зөв байгаасай гэж хүсдэг. Монголчуудын авах ёстой маш том сэдэв одоогоор Монгол ахуй байна. Тиймээс байгаа юмаа л маш сайн анзаарч кино хийвэл илүү ирээдүйтэй юм шиг санагддаг.

- Кино зохиол бичвэл ямар төрлийн зохиол бичих вэ?

Хэрвээ би зино зохиол бичих ажил авчихвал хайр сэтгэл, гэр бүлийн сэдэвтэй, эсвэл өсвөр үеийн хайр сэтгэлтэй романтик кино хийнэ гэж боддог доо.

- КИНОНД ТОГЛОХ ХҮСЭЛТЭЙ. ГЭХДЭЭ ХҮМҮҮС ЯАЖ ХҮЛЭЭЖ АВАХ БОЛ - 

- Цаашдаа кинонд тоглох уу? Тогловол ямар дүр бүтээмээр байна?

Кинонд тоглож үзэх хүсэл байна. Гэхдээ намайг хүмүүс яаж хүлээж авах бол гэдгээс айж байна. Залуу нас учраас бүхнийг л хийж үзэх юм сан гэж боддог. Яг энэ нас бол бүх зүйлийг хийж үзэх ёстой нас. Киноны санал хэрвээ ирвэл би үнэхээр хичээж, сайн тоглоно. Яг энэ нас л бүх зүйлийг хийх маш их боломжтой нас. Үүнээс дахиад 10 жилийн дараа гэвэл би одоогийнх шигээ биш болчихно. Тиймээс ийм гоё залуу байгаа дээрээ л бүх юмыг хийж үзье гэж бодож байна. Киноны атаман охины дүр ч юм уу, жахаан эрэгтэйлэг дүр надад таалагддаг. Би тийм дүрд сайн тоглож чадах байх. 

Гол нь хүмүүс минь бие биедээ хайртай байгаарай. Нэг л агаараар амьсгалж, амьдарч байгаа учир зөв, тэгээд бусдыг хайрладаг л байгаасай гэж хүсэж байна.

Ярилцсанд баярлалаа.