Хотын дарга Х.Нямбаатарын боловсруулсан "Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл"-ийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа билээ. Харин энэхүү хуулийг иргэд болоод мэргэжлийн хүмүүс амьдралд нийцэхгүй хууль гэдгийг хэлж, шүүмжилж байна. Тэгвэл бид Хот байгуулалтын төлөвлөлтийн мэргэжилтэн З.Туяатай ярилцлаа.
ВИДЕО:
-Юуны түрүүнд та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг З.Туяа гэдэг. 1997 онд Техникийн их сургуулийн барилга инженерийн сургуулийн барилга архитектурын ангийг төгссөн. Түүнээс хойш Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Барилга архитектурын газар, Барилга архитектурын корпораци, Барилга архитектурын газар, Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн газарт ажиллаад орон сууцны санхүүжилтийн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах шатнаас нь эхлээд хэрэгжүүлэх шат хүртэл нь ажилласан. Амины орон сууц болон газрыг дэд бүтэцжүүлээд эргэлтэд оруулах ажлыг анх хариуцаж хийж байсан. Үүнээс хойш хувийн судалгааны байгууллагуудаар ажиллаж байгаад зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ эрхлэх өөрийнхөө компанийг байгуулан ажиллаж байна.
-Түгжрэлийг бууруулахын тулд иргэдийн зорчих эрхийг хязгаарлаж, өмчтэй байх эрхэнд нь халдсан хуулийн төслийг Хотын дарга Х.Нямбаатар боловсруулж, УИХ уг хуулийн төслийг нь хэлэлцэж байна. Та мэргэжлийн хүний хувьд харахад энэ шийдэл зөв болов уу?
-Хуулийн төсөлд хатуу, зөөлөн хоёрыг зэрэгцүүлж явна гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа. Миний хувьд зөөлөн гэдэг нь хууль эрх зүйн асуудлаар, харин хатуугаа дэд бүтцээр шийднэ гэж ойлгосон. Тэгвэл хатуу нь бүрэлдэж тогтсон уу гэдэг асуудал энд үүсэж байна. Өөрөөр хэлбэл зам харгуй гаргаж байгаа боловч тасралтгүй үргэлжлэх явган хүний болон дугуйн зам, гудамж талбайн хангалттай систем тогтож чадаагүй байна. Монгол Улс эх газрын эрх зүйн нөхцөлтэй. Гэтэл хот өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн дүрэмгүй явж ирсэн. Ийм байхад хотын өдөр тутмын амьдралыг УИХ-аар баталдаг хууль эрх зүйн орчноор хүчээр, торгож, хорьж цагддаг байдлаар зохицуулах гэж оролдож байна.
-Энэ хууль батлагдсан тохиолдолд амьдралд хэрэгжих боломжгүй гэж та хэлэх гээд байна уу?
-Тийм. Хууль батлагдсан ч мөрдөгдөх боломжгүй гэж харж байгаа. Учир нь аливаа хууль, дүрмийг мөрдүүлэхийн тулд тогтолцоо байх ёстой. Гэтэл энэ тогтолцоо нь өнөөдөр байхгүй байна шүү дээ. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөгөөр бүх чиглэлийн нийтийн тээвэр дайрч өнгөрдөг. Гэтэл нийтийн тээврийн хөдөлгөөн зохицуулалтын асуудлыг олоогүй, хийгээгүй байж иргэдийг торгоно гэж байгаа нь өөрөө асуудал. Тиймээс ч иргэд бухимдан хүлээн авч, дургүйцэж байгаа юм. Гэсэн ч иргэдийн хэрхэн хүлээж авч байгаа нь тэдэнд огт хамаагүй бололтой.
-Таны хэлсэнчлэн тогтолцоог нь бүрдүүлээгүй байж, хотыг 30 жил удирдсан, удирдаж байгаа хүмүүсийн алдааг иргэдийн Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчиж, засах гээд байгаа нь иргэдийг бухимдуулаад байх шиг байна?
-Яг үнэн. Би бас үүнтэй санал нэг байна. Хотын удирдлагууд мэргэжлийн хувьд зарчмаа барьж ажиллаагүй нь үнэн. Сүүлийн 30 жилийн 20 жилд нь бид суралцсан гэж бодъё. Харин сүүлийн 10 жилд хот төлөвлөлтийн хувьд бид асуудал үүссэн гэдгийг олж харсан, мэдсэн. Жишээ нь Сэлбэ голын зүүн талын газрыг гудамжинд төлөвлөснөөс тэнд бетонон ширэнгэ бий болсон. Хот үүнээс сургамж авсан бол өнөөдөр долдугаар хорооллын баруун урд талын хэсэг мөн тийм бетонон ширэнгэ болохгүй байсан. Энэ бүхнээс ямар нэгэн шийдэл гаргахгүй байгаа нь харамсалтай.
-Тэгэхээр шийдэл нь яг юу байх ёстой юм бэ?
-Улаанбаатар хотыг удирдах процесс болгон маш тодорхой, хүмүүст ойлгомжтой байх ёстой. Гэтэл тийм зүйл алга. Хот дүрэмтэй байх ёстой. Ингэж байж асуудлыг шийдэх боломж бүрдэнэ. Өнөөдөр архитектур төлөвлөлтийн даалгавар гэдэг зүйлийг их ярьдаг болсон. Архитектур төлөвлөлтийн даалгавар хэр зөв гарснаас үүдэж, хотын төлөвлөлт хамаарах учиртай. Бид төлөвлөлт гэдэг зүйлээ Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн мэргэжлийн хүмүүсийн асуудал гэж ойлгодог. Гэтэл тийм биш. Энэ бүх системийг төлөвлөөд байгаа хүмүүсийн асуудал болоод байгааг л ойлгох хэрэгтэй. Ер нь бид шоогоо зөв угсрахгүй байна л гэсэн үг юм.
-Хотын дарга Х.Нямбаатарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдлаа гэж бодоход Улаанбаатар хотын замын түгжрэл буурах болов уу?
-Хотын эрх бүхий албан тушаалтнууд "Хуулийг батлуулж эрхийг нь авч байгаа болохоос мөд хэрэгжихгүй. Хэрэгжүүлэх асуудлыг НИТХ шийднэ. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд маш олон ажлыг хийнэ " гэдгийг хэлж байна лээ. Үнэндээ үүнийг нь хийж хэрэгжүүлтэл маш их цаг хугацаа орох нь ойлгомжтой. Гэтэл наана нь ингээд сенсаацлаад хууль батлуулж байхын оронд бэлтгэл арга хэмжээгээ л авах хэрэгтэй байна. Яг үнэндээ Улаанбаатарт нийтийн тээврийн терминалаас эхлээд битүү зогсоол ч алга. Мөн Улаанбаатар хотод зорчих автомашины хурдны хэмжээг шинэчлэн тогтоож, иргэдийн явган зорчих замын хэмжээг өргөсгөх зэрэг асуудлыг шийдэж байж төлбөртэй бүсийн асуудлыг ярих хэрэгтэй юм. Товчхондоо, тогтолцоог нь бүрдүүлээгүй байж хууль батлаад замын түгжрэл буурна гэж байхгүй.