Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуурыг энэ сард сүлжээнд залгана

Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуурыг энэ сард сүлжээнд залгана

Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуурын гүйцэтгэл 96 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа ба энэ сард сүлжээнд залгах талаар Монгол Улсын эрчим хүчний яам мэдээлэв.


Тодруулбал, дулааны цахилгаан станцуудын өвлийн бэлтгэл хангах ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа ба Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 98 хувь, дулааны хоёрдугаар цахилгаан станц 96 хувийн гүйцэтгэлтэй байна. Үлдсэн ажлуудыг хуваарийн дагуу энэ сарын 15-ны өдрийн дотор дуусгана гэдгийг компанийн удирдлагууд танилцууллаа.


Харин 2023 онд Монгол Улсын хувьд шинэ төрлийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглалтад оруулах томоохон төсөл болох Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуурын гүйцэтгэл 96.5 хувьтай үргэлжилж байгаа ба зарим төрлийн туршилтуудыг эхлүүлж, энэ сарын 20-ны өдөр техникийн комисс ажиллуулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар төслийн нэгж болон гүйцэтгэгч компани хэллээ.


Мөн хуримтлуурын төсөл нь дэлхийд томоохонд тооцогдохуйц 80МВт суурилагдсан хүчин чадалтай, 200МВт.цагийн багтаамж бүхий Литиум-Ион төрлийн батарей хуримтлуурын байгууламжийг суурилуулж, 220/110/35кВ-ын “Сонгино” дэд станцад холбох юм.Төсөл хэрэгжсэнээр оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80МВт хүртэл чадлыг нийлүүлж, тэр хэмжээгээр импортын эрчим хүчийг бууруулах, хүчдэлийн давтамж тохируулга хийх, Дулааны цахилгаан станцуудыг “0” зогсолтоос сэргээх цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх зэрэг туслах үйлчилгээг эрчим хүчний нэгдсэн системд үзүүлэх юм.