Тэтгэврийн зээл тэглэх Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбоотой хөгжилтэй постууд

Тэтгэврийн зээл тэглэх Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбоотой хөгжилтэй постууд

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид ард иргэддээ мэндчилгээ дэвшүүлэхдээ “Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” гэж мэдэгдсэн.

Түүний мэндчилгээ одоог хүртэл халуун сэдэв, ярианы цөм байсаар байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбоотойгоор нийгмийн сүлжээнд иргэд өөр, өөрсдийн байр, суурийг идэвхтэй илэрхийлсээр байгаа юм.

Ихэнх иргэд “Ашгүй дээ хэдэн хөгшдийн магнай тэнийжээ. Ахмадуудыг баярлуулж буй нь хичнээн сайхан” гэж буй бол зарим нь Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны сонгуульд амласан амлалтаа хэрэгжүүлэхийн тулд МАН-ыг хоролчихлоо. МАН 2020 оны сонгуульд ялалт байгуулахын тулд ахмадуудын тэтгэврийг тэглэнэ. Оноо нь Х.Баттулгад ирж 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялна. Үр дүнд нь улсын эдийн засаг хэцүүднэ гэж бичиж байна.

Мөн зарим нь эдийн засгийн зөв зохион байгуулалттай байж байгаа хэдээ хүргэдэг зээл аваагүй хөгшид яах юм, ахмадуудыг ялгаварлаж болохгүй гэж байсан юм. Эцэг, эхийн тэтгэврийн зээлийг авахуулаад машин аваад уначихсан нөхдийн зээлийг хөдөлмөрлөж нийгмийн даатгал төлсөн мөнгөөрөө бид төлөх болж байна уу, ер нь хувь хүний банкнаас авсан зээлийг төлөөд байвал цаашид энэ улс орон яах юм болж байна гэх шүүмжлэх хүмүүс ч байна.

Хөдөө орон нутгийн иргэд “Ерөнхийлөгч төлчихнө гэсэн. Дариухан их хэмжээгээр нь тэтгэврийн зээлээ авч байя” гэх хандлага хоёр жилийн өмнөөс тогтсон гэх мэдээлэл байсан. Ямартай ч иргэдийн байр, сууриас гадна мэргэжлийнхэн илүү ул суурьтай, нөхцөл байдлаа бодитоор харсан, сөрөг үр дагаврыг тооцоолсон шинжлэх ухаанч мэдэгдлийг хийсэн байгаа юм. Бид уг асуудлаар иргэд нийгмийн сүлжээнд хэрхэн байр, сууриа илэрхийлж буй тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.