Ц.Азжаргал: БНСУ-ын Ерөнхийлөгчтэй адилхан гээд "Мон Сок Ёол" гэж нэрлэснээс хойш солонгосчуудаас дэмжсэн сэтгэгдэл их ирсэн /ВИДЕО/

Ц.Азжаргал: БНСУ-ын Ерөнхийлөгчтэй адилхан гээд "Мон Сок Ёол" гэж нэрлэснээс хойш солонгосчуудаас дэмжсэн сэтгэгдэл их ирсэн /ВИДЕО/

БНСУ-д ажиллахын хажуугаар өөрийн сонирхлоор холимог тулааны спортод хүч үзэж буй монгол залуу Цэрэндашийн Азжаргалыг бид энэ удаа онцоллоо. Түүний хувьд 2021 оноос хойш солонгост тулалдаж байгаа бөгөөд сүүлийн үед БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолтой адилхан хэмээн Мон Сок Ёол хэмээх хочтой болж, олонд танигдаад байгаа юм.

Тэрбээр БНСУ-д суралцахаар болсон эхнэрийн хамт гэр бүлээрэй тус улсыг анх зорьсон бол өдгөө ажиллахыг хажуугаар өөрийн сонирхлын дагуу холимог тулааны тэмцээнд оролцож, “Black Combat” холбоонд харьяалагдан тоглож байна. Мөн түүний дараагийн тулаан ирэх бямба гарагт болох бөгөөд ялбал аваргын бүсийн төлөө тулалдахаар болоод байгаа билээ. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО: 

-Сайн байна уу. Юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач.

-Сайн байцгаана уу. Намайг Цэрэндашийн Азжаргал гэдэг. Би Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрж өссөн.

-БНСУ-д хэзээ, ямар зорилгоор очив?

-Анх 2017 онд эхнэр маань суралцахаар болж, бид гэр бүлээрээ ирсэн.

-Мэргэжлийн тулаанаа хэзээнээс эхлэв. Тулааны спортын сууриа ямар төрлөөр эхлүүлж байв?

-БНСУ-д ажиллахын хажуугаар өөрийн хүсэл мөрөөдөл сонирхлоороо ямартай ч эхлүүлээд үзье гэсэн зорилгоор холимог тулаанаар хичээллэж эхэлсэн. 2021 онд холимог тулааны анхны тулаанаа хийсэн. Түүнээс хойш гурав дахь жилдээ тулалдаж байна. Анх 2007 онд Монголын Үндэсний бие хамгаалах "Монгол-Зо" урлагаар анх хичээллэж сууриа тавьж байсан.

-Одоо ямар холбоонд харьяалагдаж байна. Аваргын бүсний төлөөх тулаанд оролцож байв уу?

-БНСУ-ын “Black Combat” холбоонд тулалдаж байна. Анх энэхүү холбоо надад санал тавьснаар гэрээгээ байгуулж анхны тулаанаа хийж байсан. Одоогоор бүсний төлөөх тулаанд оролцоогүй байна. Энэ бямба гарагт хийх тулаандаа ялбал аваргын бүсний төлөө тулалдана.

-Бэлтгэл сургуулилтаа яаж хийж байна?

-Бэлтгэл сургуулилтаа амьдарч буй хотдоо хийнэ. Хааяа завтай үедээ янз бүрийн клубүүдэд очиж энд тулалддаг өөр монгол тамирчидтай хамт хийдэг. Ер нь л ажлын хажуугаар зав зайгаараа найзуудтайгаа л хийж байна даа.

-Сонирхоод асуухад, Таныг БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолтой тун төстэй гэгдэж, "Мон Сок Ёол" хэмээх хочоор хочилдог болж солонгост танигдаж байгаа гэсэн мэдээлэл солонгосын хэвлэлүүдэд гарсан байна лээ. Энийг та яаж хүлээж авч байна. Энэ яриа хэзээнээс гарч эхлэв?

-Энэ яриа миний анхны тоглолтын дараагаас эхэлсэн. Таньдаг мэддэг солонгос хүмүүс надад “чамайг хүмүүс Мон сок ёол гээд нэрлэчихсэн байна лээ” гэдэг байсан. Тухайн үед би нэг их тоогоогүй. Хүмүүс тэгж нэрлэж байгаад ч итгээгүй. Тэгсэн саяхан "Black Combat 9: Old Boy" тэмцээний зураг гарснаас хойш хүмүүс миний зургийг БНСУ-ын Ерөнхийлөгчийн зурагтай харьцуулаад мэдээ болгочихсон юмнууд явуулж эхэлсэн. Тэгээд л намайг ингэж нэрлээд байгаа нь үнэн юм байна гэж мэдсэн.

-Гадуур явахад солонгос хүмүүс Монголын Ерөнхийлөгч Мон Сок Ёок явж байна гэхчлэн мэнчилдэг болсон гэж сонссон?

-Тийм тохиолдол байгаа. Одоо гадуур явахад зарим хүмүүс намайг Мон Сок Ёол гэж дуудаж өнгөрөх нь бий. Сарын өмнөөс л бүр их яригдаж сошиал хаягуудын маань хандалт нэмэгдэж, солонгос хүмүүс амжилт хүссэн мессеж илээж байгаа.

-Эргээд тулааны талаар ярилцъя. Хоёр жилийн өмнө байх аа тулаанч Б.Бүрэнзоригийн хамт солонгосчуудтай хийсэн тоглолтдоо илт илүүрхэж байсан. Тухайн үеийн тулаан болон түүнээс хойших тулааны талаар сонирхуулбал?

-Би 2021 онд холимог тулааны анхны тэмцээнээ "Double G” холбоонд Бүрэнзориг найзтайгаа хамт хийж байсан. Тэр тэмцээнд бид хоёр хоёулаа ялалт байгуулсан дурсамжтай тулаан болсон. Үүнээс хойш есөн тулаан бол зургаан ялалт байгуулсан ажилттай явж байна.

-Сүүлд хэзээ Монголд ирсэн бэ. Ер нь цаашид монголдоо холимог тулаанаар хүч үзэх бодол байгаа юу?

-Би саяхан өнгөрсөн долдугаар сард гэр бүлийн хамт монголдоо очиж амарсан. Ер нь цаашид монголд тулалдах боломж олдвол монгол хүн юм чинь монголдоо л тулалдахыг хүсэж байна.