МАН доторх улс төрийн зөрчил, хууль хяналтын байгууллагын шалгалтад холбогдсон улстөрчдийн асуудал хурцдаж буй энэ үед Сингапурт өрнөж буй үйл явдлууд анхаарал татаж байна.
"Ц.САНДАГ-ОЧИР Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ УУЛЗАХААР СИНГАПУРТ ОЧЖЭЭ"
Өнгөрсөн долоо хоногт МАН-ын олонхийн талын нөлөө бүхий улстөрчид Сингапурт зорчихоор төлөвлөсөн ч томилолт нь гэнэт цуцлагдсан гэх мэдээлэл бий. Харин Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, "Х.Нямбаатарыг яллагдагчаар татсан" гэх мэдээлэл гарсны дараа Сингапурыг зорьсон бөгөөд БНСУ-д тусгай хамгаалалтаа үлдээсэн гэх мэдээлэл ч яригдаж байна. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын чуулгандаа оролцолгүй гэнэт алга болсон гэх шүүмжлэлд өртөөд буй БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир мөн Сингапурт очиж, Л.Оюун-Эрдэнэтэй уулзахаар зорьсон байна.
Эндээс нэгэн сонирхолтой хувилбар харагдаж байна. Л.Оюун-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир нар МАН-ын олонхийн талын нөлөө бүхий улс төрчдийг Сингапурт ирэхийг хүлээж байсан байж болох юм. Хэрэв тийм бол энэ нь намын олонх, цөөнхийн талын хооронд улс төрийн яриа хэлэлцээ хийх оролдлого байсан уу гэдэг асуудал анхаарал татна.
Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Х.Булгантуяа, Б.Болормаа, Д.Амарбаясгалан зэрэг улстөрчдийн хэрэг шалгагдаж байна. Ийм нөхцөлд талууд уулзвал ямар асуудал хөндөх нь сонирхол татах нь гарцаагүй. Хэргийн асуудлаар харилцан тохиролцох сонирхол байж болох ч үүнийг нотлох баримт байхгүй. Харин олонхийн тал ийм тохироонд хүрэхгүй гэсэн байр сууриндаа байгаа бололтой.
"Ц.САНДАГ-ОЧИРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ"
Гэхдээ улс төрийн тохироо хайж байгаа эсэхээс үл хамааран Ц.Сандаг-Очир сайдын хувьд хариуцсан салбарынхаа ажлыг орхигдуулах учиргүй. Баавгайн асуудал хэдэн сар дамнан шийдлээ хүлээж, хүний амь эрсэдсэн тухай мэдээлэл гарч, нийслэл орчимд баавгай үзэгдэх болсон энэ үед иргэдийн аюулгүй байдлыг хангах, шуурхай арга хэмжээ авах, техник хэрэгслийн бэлэн байдлыг сайжруулах ажил чухал хэвээр байна.
Улс төрийн уулзалтад оролцох зав гарч байгаа бол салбарынхаа асуудлыг шийдэх зав ч бас байх ёстой. Сайд хүн хэнтэй уулзсанаараа бус, хариуцсан ажлаа хэрхэн хийснээрээ үнэлэгдэх учиртай.
Энэ нөхцөлд Ерөнхий сайд Н.Учрал ч Ц.Сандаг-Очирын ажлын үр дүн, салбарын асуудлын шийдвэрлэлтийг анхаарах шаардлагатай. Сингапурт ямар уулзалт болох гэж байсан нь тодорхойгүй хэвээр. Харин төрийн ажил шийдлээ хүлээсээр байвал сайдад хариуцлага тооцох эсэх асуудал сөхөгдөх нь гарцаагүй. Сингапурт улс төрийн ямар тохироо яригдаж байгааг цаг хугацаа харуулна. Харин баавгайн асуудлыг шийдэх хугацаа аль хэдийн хангалттай өнгөрчээ.