ФОТО: Чух нууранд дөрвөн шинэ зүйлийн шувуу бүртгэгджээ

ФОТО: Чух нууранд дөрвөн шинэ зүйлийн шувуу бүртгэгджээ

“Чух” шувуу судлалын суурингийн 2023 оны мониторинг амжилттай өндөрлөлөө.

Тус суурингийн судлаачид 2023 оны Чух нуурын нүүдлийн эргийн болон усны шувуудын мониторингоо хаврын улиралд тавдугаар сарын 5-наас зургадугаар сарын 20 хүртэл, намрын судалгааг долдугаар сарын 20-ноос 9 сарын 28-ны хооронд өнгөрсөн жилүүдтэй ижил аргазүйн дагуу хийж гүйцэтгэлээ.

Энэ жил Дагуурын бүс нутагт өмнөх хоёр жилтэй харьцуулахад хуурай гандуу байв. Хур тундас татуу байснаас Чух нуурыг ашиглах эргийн шувууны зүйлийн баялаг, тоо толгой нэмэгдэх хандлага ажиглагдсан ба өмнөх жилээс 4 дахин их шувуу барьж бөгжилсөн байна.

Мөн хаврын судалгааны хугацаанд 16 зүйлд хамаарах 59 бодгаль эргийн шувууг барьж хэмжилт хийсэн ба Бүрдний хөгчүү, Шугуйн хөгчүү, Улаанхөлт хөгчүү зэрэг шувууд зонхилж байв. Намрын судалгааны хугацаанд 23 зүйлд хамаарах 272 бодгаль баригдсан ба Шугуйн хөгчүү, Нарийн хиазат, Улаанхөлт хөгчүү зэрэг зүйлүүд зонхилжээ. 

Мөн, хавар, намрын хугацаанд Чух нууранд нийт 162 зүйлийн 650 мянга гаруй шувууд бүртгэлээ. Үүнд: Улаанхүзүү шумбуур, Алаг шунгаач, Халзан түнжүүр, Бор нугас, Халтар шунгуур зэрэг шувууд мониторингийн туршид нууранд хамгийн олноор бүртгэгдсэн.

Ажиглалтын үеэр бид Чух нуурын шувуудын зүйлийн бүрдэлд Мадагаскар тутгалжин (Numenius madagascariensis), Дорнын өрөвтас (Ciconia boyciana), Урт сүүлт хайлгана (Stercorarius longicaudus), Red-breasted Goose (Branta rudicollis) гэх дөрвөн зүйлийг шинээр бүртгэлээ.

Бидний судалгааны ажлыг гүйцэтгэх боломжийг бүрдүүлж, шувуу барих зөвшөөрлийг олгосон БОАЖЯ, мөн Чух шувуу судлалын суурингийн 2023 оны хээрийн судалгааны ажилд хамтран оролцож, тусалж дэмжсэн оюутан, судлаачид, сайн дурын ажилтнууддаа болон Дорнод аймгийн БОАЖГ, ТХГН-уудын захргаад, Улз голын сав газрын захиргааны хамт олонд талархал илэрхийлж байна гэж “Чух” шувуу судлалын суурингаас мэдээллээ. 

Гэрэл зургийн эх сурвалж: Чух шувуу судлалын суурин

ФОТО: