ВИДЕО: Үерт өртсөн 30 гаруй айлыг "Шинэ суурьшлын бүс"-д буулгасан ч, ус, зам зэрэг амьдрах орчин бүрдүүлээгүй тул ихэнх айлууд буцаад нүүжээ

ВИДЕО: Үерт өртсөн 30 гаруй айлыг "Шинэ суурьшлын бүс"-д буулгасан ч, ус, зам зэрэг амьдрах орчин бүрдүүлээгүй тул ихэнх айлууд буцаад нүүжээ

Өнгөрсөн зуны үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж үзүүлж, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд шинэ суурьшлын бүс үүсгэж, Дарь эхийн тоосгоны үйлдвэрийн хойно байрлах газарт үерийн улмаас орон гэргүй болсон, газрын зөвшөөрөлгүй байсан иргэдийг нүүлгэн шилжүүлсэн. Улмаар бид өнгөрсөн наймдугаар сарын 15-нд “Шинэ суурьшлын бүс”-д иргэд хэрхэн төвхнөж буй талаар сурвалжилга бэлтгэнэ хүргэж байсан билээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тухайн үед биднийг очиход “Шинэ суурьшлын бүс” хүртэлх автозамыг эхний ээлжинд хусаж, сайжруулан шороон замтай болгосон, айл өрхүүдийн цахилгааныг шийдвэрлэхээр УБЦТС-ын ажилчид ажиллаж байсан бөгөөд үргэлжлүүлэн “нийтийн тээвэр, зам талбайн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн” гэдгийг оршин суугчид хэлж байсан юм. Тэгвэл бид энэ удаа “Шинэ суурьшлын бүс”-д амьдарч буй өрхүүдийг зорьж, нөхцөл байдлыг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороог дахин зорилоо.

ВИДЕО: 

Үер болсон Дарь эхийн 21 дүгээр хороо өнгөрч гурав орчим км яваад огцом дээш өгссөн шороон замаар гарахад уулын энгэрт шинэ модон хашаа тойруулсан түгжээтэй хаалганууд биднийг угтав. Энэ газарт хүний бараа ч нохойн дуу ч алга. Ер нь айл өрхүүд аж төрдөг гэх шинжгүй нам гүм бүх үйлчилгээнээс газраас зайдуу. Уг нь өнгөрсөн намар энэ газарт хүний хөл хөдөлгөөн ихтэй, шинээр төвхнөж буй айлуудын ажил эд явагдаж байсан юм. Эл 20 гаруй айлын хамгийн урд талын нүүрэн хашааны гадна нэг машин, гэрийн тооноор утаа гарч байсан тул бид тус айлыг зорьж, “Шинэ суурьшлын бүс”-д байсан ганц айлын эзэнтэй амьдрах орчны нөхцөл байдлын талаар ярилцсан юм.

-Энд байгаа 20 гаруй айлаас танайх л хүнтэй байна. Энэ айлууд нүүгээд явав уу. Түр ажилдаа гарав уу. Ер нь хэдэн айл суурин байгаа вэ?

-Анх бараг 20 гаруй айл ирж байсан. Одоо бол дөрвөн айл л үлдлээ. Энэ айлууд өдрөөр байдаггүй юм ажилдаа гарсан байх. Би цайны цагаараа гэртэй гал түлэхээр түр ирлээ.

-“Шинэ суурьшлын бүс”-д хэр төвхнөж байна. Амьдрах орчин нөхцөл ямар байгаа вэ?

-Нийтийн тээвэр байхгүй. Худаг байхгүй. Зам үнэхээр хэцүү жаахан цас орчихвол гулгаад машин дээш гардаггүй. Зун болохоор шалбааг дунд халтираад явахгүй маш хэцүү байдаг. Бид гэртээ ирэхийн тулд машинаа доор тавиад алхаж гарч ирж байна.

-Анх суурьшлын бүсэд ирэхэд нь эдгээр асуудлуудыг хэзээ шийдвэрлэнэ гэж байв?

-Анх бол “бичиг баримт бүх юм нь бэлэн хурдан шийдвэрлэж өгнө” гэж байсан ч одоо хүртэл байхгүй л байна. Олон хүн ирсэн л дээ. Бүгдээрээ л  “бүгдийн янзална, дор нь хийнэ” гэсэн ч нэг нь ч хийгдээгүй л байна.

-Хороо дүүрэгтэйгээ холбогдож үзсэн үү?

-Хорооны дарга гэж нэг хүн ирээд “зам чинь гайгүй. Бусад шаардлагатай зүйлсийг болгоно” гэсэн ч зам нь ч хэцүү бусад ажил нь ч хийгдээгүй л байна. Хавар болохоор ажлуудаа хийх юм уу яах юм мэдэхгүй. Ямар ч байсан гэрэлтүүлэг тавих гээд шон суулгачихсан харагдаж байсан. Оны дараа гэрэлтүүлэг нь ирнэ гэсэн.

-Айлууд хэзээнээс эхлээд нүүж эхлэв?

-Нэг их удаагүй ээ. Нэг нэгээрээ “хэцүү байна” гээд нүүгээд явчихсан. Зарим айл нь бүр гэрээ аваад нүүсэн.

-Хүүхдүүд сурах хамгийн ойрхон сургууль хаана байдаг вэ. Мөн түлш авах цэг ойр байгаа юу?

-Төв зам руугаа орж л түлшээ авч байна. Цааш хэдэн буудал яваад сургууль бий. Хамгийн ойр түлш авах цэг доош уруудаад 2 километр гаруй яваад байгаа. Энэ хавьд бол мод, нүүрс байхгүй. Хүүхдүүдээ бол өглөө гарахдаа авч гараад ажлын хажуугаар зохицуулдаг.

-Ус хаанаас, яаж авч байна?

-Усаа доош уруудаж, зам дагуух худгуудаас авч байна. Уг нь анх нэг усны машин ирдэг байсан юм. Цас орноос хойш ирэхээ больсон. Араггүй шүү дээ. Энэ замаар халтирч гулгаад машин гарч ирэхгүй. Ер нь тэгээд нийтийн тээвэр явуулъя гэсэн ч замаа янзалж байж явуулахгүй бол явах боломжгүй байх.

-Эндээс машингүй, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөдөг хүмүүс байгаа юу?

-Байсан. Тэгээд зам хэцүү болохоор бүгд нүүгээд явчихсан. Уг нь зөндөө л хүүхэдтэй айл байсан. Одоо ер нь манайхаас өөр хүүхэдтэй айл алга л байх шиг байна. Бас энэ замаар доошоо алхахад том нохой ихтэй болохоор алхана гэдэг хэцүү. Машинтай явж байхад л нохойнууд нь дайраад байдаг юм.

Оршин суугчид ийн ярив...

“Шинэ суурьшлын бүс”-ийн айлууд хэдийгээр худаггүй, түлш авах цэггүй, нийтийн тээвэргүй ч “замаа л шийдээд өгчихвөл” болно гэх. Эл бүсэд машингүй айл амьдрах нөхцөлгүй. Иймд айлууд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэхийн тулд буцаж нүүсээр дөрвөн айл л үлдээд буй аж. Тэд ч мөн болбол доошоо бууж амьдрах хүсэлтэй байна.

Угтаа бол гамшгаас хамгаалах арга хэмжээ авч анх эдгээр айлуудыг суурьшлын бүсэд нүүлгэхдээ улсаас амьдрах орчны бүхий л асуудлыг нь шийдвэрлэнэ гэж байсан ч өдгөө дөрвөн сар өнгөрч, өвлийн улирал эхэлж байхад айлууд цахилгаанаас өөр юмгүй, уулын энгэрт, бүхий л үйлчилгээнээс хол хаягдсан хэвээр байна.

ФОТО: