САНАЛ: Салхитын мөнгөний ордын хувьцааг ард иргэддээ эзэмшүүлье

САНАЛ: Салхитын мөнгөний ордын хувьцааг ард иргэддээ эзэмшүүлье

-2020 ОНД ТЭТГЭВЭР ТЭГЛЭХ БОЛОМЖГҮЙ-

Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид ард иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ тэтгэврийн зээлийг тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гарсан гэж мэдэгдсэн. Түүний мэдэгдэлтэй холбоотойгоор иргэд бужигнаж, мэргэжилтнүүд мэргэжлийн байр, суурийгдор бүрнээ илэрхийлж байна. Мөн үүнээс үүдэн Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр тушаал гаргаж тэтгэврийн зээлийг зогсоох шийдвэрийг гаргасан юм.

Улс төрчдийн дийлэнх нь Ерөнхийлөгчийн мэдэгдлийг шууд ажил хэрэг болох боломжгүй. Учир нь 2020 оны төсөвт тэтгэврийн зээлийг тэглэх 700 гаруй тэрбум төгрөг суугдаагүй. Санхүүгийн эх үүсвэр үгүй. Тэгэхээр эхлээд ажлын хэсэг гарч тэтгэврийг тэглэх боломжтой эсэхийг судална. Үүний дараа шат дараатай ажлууд хийгдэн” гэж буй. Мөн Салхитын мөнгөний ордоор олон улсын зах зээл дээр IPO гаргаж түүний орлогоор тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж буй энэ асуудал нь өмчийн маргаантайгаар шүүх дээр явж байна.

Үүнээс дүгнэвэл 2020 онд тэтгэврийн зээлийг тэглэх боломж үгүй. Учир нь гол асуудал болох санхүүгийн эх үүсвэр үгүй. Харин 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Х.Баттулга амласнаа биелүүлсэн болж тэтгэврийн зээлийг тэглэж магадгүй юм. Гэхдээ тэрбээр мөнгө зарцуулдаг, зарцуулахыг шаарддаг эрх мэдэлтэй хүн биш. Түүнд У.Хүрэлсүх туслах болов уу гэсэн хардлага бий. Мэдээж тэд маш сайн тооцоо, судалгааг танилцуулах биз.

Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбоотойгоор

ЭДИЙН ЗАСАГЧИД: Тэтгэврийн систем нь буруу тогтолцоотой, тэтгэврийн иргэд нь ядууралд шилждэг энэ байдалд суурилж улс төрийн шийдвэр гаргалаа. Энэ утгаар нь улс төрийн бохир шийдвэр гэж хэлэхээс өөр аргагүй. Эдийн засгийн агуулга талаас нь үүнийг дэмжих ямарч боломжгүй. Хоёрдугаарт, энэ шийдвэрээрээ тэтгэврийн тогтолцоо, Монгол Улсын санхүүгийн зах зээлийн урагшлах хөгжил, иргэдийн санхүүгийн соёл боловсрол, ёс суртахууныг хойш нь татна. Улс төрчид бүх зүйлд иргэдийнхээ төлөө гэж ярьдаг атлаа Монголыг хорлож байдаг. Энэ шийдвэрт  хөөрч баярлах нь дараагийн асуудал. Улс төрийн өнцгөөр асуудалд хандаж иргэдийг хуурч, дэвэргэх сонирхол надад алга. Өнгөрсөн 30 жил Монголын төрийг удирдаж байсан үе үеийн нөхдүүд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоог сайжруулж чадаагүй үр дагавар дээрээ өнөөдөр бохир улс төрөө хийж байна. 

ХУУЛЬЧИД: Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь шийдвэр гаргадаг байгууллага биш. Зөвлөмж гаргадаг. Эцсийн шийдвэрийг УИХ шийднэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндсэн хууль зөрчиж шийдвэр гаргасан гэх байр, суурийг илэрхийлж байна.

-ТЭТГЭВЭР АВААГҮЙ БОЛОН БУСАД ИРГЭДИЙН НОГДОЛ АШИГ
АВАХ ЭРХ Ч ХАНГАГДАЖ БОЛЖ БАЙНА-

Тэглэлээ гэхэд тэтгэвэр аваагүй иргэдийг ялгаварлаж болох уу, зээлээ өөртөө биш үр хүүхдийнхээ машин тэрэг, сургалтын төлбөрт зарцуулсан бол яах вэ зэрэг олон асуулт гарч ирж байгаа юм.

Тэгвэл доорх саналыг бид дэвшүүлж байна.

Өрийг тэглэнэ гэж хэлсэн үг нь илэрхийллийн хувьд буруу ч иргэдийг өрөө төлөх орлогын эх үүсвэртэй болгох анхны санаа нь зөв гэж үзэх хүмүүс олон байна. Стратегийн ач холбогдол бүхий, төрийн өмчөөр хайгуулыг нь хийсэн уурхайнуудын удирдлага менежментийг компанийн сайн засаглалын зарчмаар ажиллуулж, хувьцааг нь Эрдэнэс таван толгой шиг нийт иргэддээ эзэмшүүлээд, түүнд ногдох ногдол ашгаас нь бүх иргэддээ хуваахдаа зээлтэй иргэд өөрсдөө зөвшөөрвөл шууд зээлийн данс руу нь нэг л удаа тухайн үеийн үлдэгдлээр тооцож шилжүүлж өгөх хувилбараар нийтийн зориулалттай өмчийг иргэн, аж ахуйн нэгжид эзэмжүүлэх, ашиглуулах тухай хуулийн төсөл, дагаж гарах УИХ-ын тогтоолын төслийг нь хийж өгч болох юм.

Хэрвээ ингэвэл мөн шууд зах руу очихгүй нийлүүлэлтэд нь Төв банкны бодлогоор тодорхой зохицуулалт хийж, инфляциас сэргийлж болох учраас. Дээрх саналыг зарим эдийн засагчид дэвшүүлж байгаа юм. Ингэснээр тэтгэвэр аваагүй үлдсэн болон бусад иргэд ч ногдол ашгаа авах эрх нь хангагдах ёстой. Өөрөөр хэлбэл ногдол ашгаа аваад хуримтлуулах эсвэл зээлээ ч төлж  болох боломжтой болох юм.