М.Батсүх: 60 насандаа өөрийн гараар онгоц бүтээж, нисэх мөрөөдлөө биелүүллээ /ВИДЕО/

М.Батсүх: 60 насандаа өөрийн гараар онгоц бүтээж, нисэх мөрөөдлөө биелүүллээ /ВИДЕО/

Би зургаан хүүхэдтэй. Тэднийгээ их сургууль төгсгөж эмч, багш, инженер болгосон. Харин дараа нь хагас жил хэвтэрт байж байхдаа багийн мөрөөдлөө санаж, хийгээд үзэх зориг ороод анх юм бүтээж эхэлсэн. Ингээд зузаан цасан дээр явах мотоцикл, далай дээгүүр ямар ч үед осолдохгүй явдаг ус болон мөсөн дээр явах завь гэхчлэн ёстой толгойд бодогдсон болгоноо хийж эхэлсэн. Энэ ажилд маань гэр бүл болон найз нөхөд маань маш их тус хүргэснийг дурдвал дуусахгүй. Ямартай ч ингэж явсаар саяхан нэг хүний онгоц бүтээж, нисэх мөрөөдлөө биелүүлж чадлаа хэмээн ярих эрэгтэйг М.Батсүх гэдэг.

Өгдөө 64 настай тэрээр баг насны мөрөөдлөө ажил хэрэг болгож өөрийн гараар онгоц, завь, мотоцикл бүтээжээ. Насаараа нэгдэлд жолооч хийсэн түүний хувьд хүүхдүүдээ сургууль төгсгөж аваад санаа амарч, хагас жил өвчилсөн нь зориг оруулж  хэдэн төмөртэй ноцолдож, элдвийг бүтээдэг болсон нь энэ аж.

ВИДЕО: 

-Яагаад техник бүтээх болов?

-Ах нь зургаан хүүхэдтэй тэд маань их сургууль төгсөж санаа амарсны дараа би өвчний улмаас хагас жил хэвтэрт орж, хүний гараар хэсэг байсан. Тухайн үед л надад бага насны мөрөөдлүүд маань бодогдож, хөл дээрээ босвол бүгдийг нь хийх зориг орсон юм шиг байгаа юм. Би ерөөсөө л багийн л техник бүтээх мөрөөдөлтэй байсан болохоор орноосоо босоод өдөр бүр л гадаа хэдэн төмөртэйгөө ноцолддог болсон доо.

-Анх юу бүтээсэн бэ?

-Хамгийн анх мөсөн болон усан дээр хурдтай явдаг завь бүтээсэн. Насаараа нэгдэлд жолооч хийхдээ далай дээгүүр явах бүрдээ эмээдэг байсан болохоор мөс цөмөрсөн ч аюулгүй явах боломжтой завь байвал гэж бодоод түүнийгээ бүтээсэн дээ. Одоо ах нь бараг зун бүр Өгий нуурт өөрийн хийсэн завтайгаа байж байдаг юм.

-Завь нь том уу. Хэдэн хүн зорчиж болох вэ?

-Ачаа гайгүй бол мөсөн дээр зургаан хүн суугаад явахад зүгээр, харин усанд бол ачаанаас хамаараад гурван хүн явж болдог. Завь маань мөсөн дээр 70 км/ц хурдтай явдаг.

-Дараагийн бүтээл юу байв?

-Цасны мотоцикл байсан. Насаараа жолооч хийхэд олон юм болно. Манай Хөвсгөл аймаг цас ихтэй болохоор машин явах боломжгүй болж, цас ухаж явах тохиолдол их байсан. Тэр үед л би нэг галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг ёстой хамгийн зузаан цасан дээр нь ч явж чаддаг мотоцикл хийнэ гэж ярьдаг байлаа. Тэгээд дугуйгаар нь шороон дээр давхиж, дугуйнд нь цана углаад цасан дээгүүр явж болдог мотоцикл хийсэн.

Гэхдээ түүний олон жилийн мөрөөдөл зөвхөн онгоц байсан аж. Тэрбээр энэ талаар ярихдаа “Бага байхдаа л мөрөөддөг байсан юм. Тухайн үед мөнх цастай байсан 2720 метр өндөр уу манай нутагт бий. Тэр уул руу харж хэзээ нэг өдөр онгоц хийгээд гарна гэж боддог байсан Ингээд мөрөөдлөө биелүүлж онгоц хийгээд нисэж үзсэн ч осолдож байсан. Түүнээс хойш ойр дотнын хүмүүс маань ч анхааруулж, осолтой юм хийлгэхгүй гэж хориглодог болсон. Гэсэн ч найзууд, хүүхдүүд маань наанаа дургүй хэр нь “надад нэг ийм юм байна” гээд элдэв янзын надад хэрэгтэй юмнуудыг өгдөг байсан. Үүний дараа би онгоц хийхээсээ өмнө өөр янз бүрийн зүйлс хийж туршиж үзэх хэрэгтэй юм байна гэж бодсон учир завь, цасны мотоцикл хоёрыг хийж байлаа. Ингээд эцэст нь нөгөө л хүссэн онгоцоо хийсэн дээ. Гэхдээ миний өмнөх осол жолоодох мэдлэг, туршлага дутсантай шууд холбоотой” хэмээсэн юм.

-Тэгэхээр та онгоц жолоодож байгаагүй гэсэн үг үү. Сая бүтээсэн онгоцоо яаж жолоодож сурав?

-Тиймээ. Туршлага байгаагүй. Багахан харсан зүйл л байсан. Тиймээс нэлээд судалд нисгэгч найзаасаа зөвлөгөө авч байгаад саяны онгоцоо амжилттай хөөргөж, амжилттай буулгасан.

-Сая бүтээсэн онгоц нь хэр удаан нисэж чадах вэ. Мөн хэдэн метрийн өндөрт гарах уу?

-Өндөр бол гурван мянган метр, түүнээс дээш гарч болно. Хугацааны хувьд, 10 литр, 20 литрийн хоёр банктай. 10 литрээр нь цаг ниснэ. 20 литрээр нь цаг 40 минут орчим явна.

-Бүтээж байгаа техникүүдийнхээ хөдөлгүүрийг авдаг уу. Их биеийг нь яаж бүтээж байна?

-Хөдөлгүүрийг нь бол аль болох хүчин чадал сайтайг нь сонгож авна. Бусад хэсгийг нь байгаа материалуудаараа хийдэг. Гэхдээ одоо юм хийхэд амар болсон шүү дээ. Багаж сайтай. Материал сайтай болсон.

-Техник бүтээж байгаа болохоор мөнгө нэлээд ордог байх?

-Тэр тал дээр найз нөхөд, гэр бүл маань маш сайн тусалж дэмждэг.  Бусдаар бол би чинь тэтгэврийн 550 мянган төгрөгөөр ингээд юм хийгээд хажуугаар нь амьдрахгүй шүү дээ.

-Цаашид хийхээр зорьж байгаа техник байгаа юу?

-Байгаа шүү. Одоо нэг маш хурдтай завь л хиймээр байна. Би уг нь одоогийн аврах завинуудыг хараад энэ санааг олсон юм. Тэгээд Онцгой байдлын газруудад очиж уулзаж үзсэн. “Надад материалаа өгвөл би хурдтай. Ямар ч нөхцөлд явах боломжтой завь хийгээд өгье” гэсэн ч тэд нэг их тоогоогүй л дээ. Уг нь миний бодсоноор бол тусламж дуудахад завь сэлүүрдэж байхаар хурдтай очвол сайн л байх. Цогцос биш хүн аврах боломж юм уу л гэж харсан. Ямартай ч би нэг тийм хурдан завь хийнэ гэж бодож байгаа.