Сумын цолтой 544 бөхийн барилдаанд “Увснуур” дэвжээний бөх Сумын заан А.Мягмарсүрэн түрүүлжээ

Сумын цолтой 544 бөхийн барилдаанд “Увснуур” дэвжээний бөх Сумын заан А.Мягмарсүрэн түрүүлжээ

Сумын цолтон болон залуу 544 бөхийн барилдаан өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 19-нд болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, сумын заан Амарсанаагийн Мягмарсүрэн 10 даван түрүүлж, Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, “Завхан” дэвжээний бөх, сумын заан Дэмбэрэлдоржийн Хандсүрэн сумын цолтнуудын барилдаанд гурав дахь удаагаа үзүүрлэв. Мөн гуравдугаар байрт аравдугаар сарын түрүү бөх Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, "Шинэ Анагаах Ухаан" их сургууль, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Д.Цэрэнням шалгарсан бол тавдугаар байрт Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, “Завхан” дэвжээний бөх, сумын баяр наадмын 5 түрүүтэй заан Ё.Гантулга, Увс аймгийн Хяргас сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, сумын наадмын 2 түрүүтэй заан Х.Бумбаяр нар шалгарлаа.

Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-нд 13:00 цагаас Улс тунхагласны 99 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.