О.Батжаргал: Хүний эрүүл мэнд болон байгаль орчин, мал амьтанд ээлтэй байдлаар уран олборлохыг шаардаж ажиллана

О.Батжаргал: Хүний эрүүл мэнд болон байгаль орчин, мал амьтанд ээлтэй байдлаар уран олборлохыг шаардаж ажиллана

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт “Зөөв-Овоо” ураны үйлдвэр туршилтын үйл ажиллагаа явуулж, нийт 10 тонн шар нунтгийг гарган аваад буй. Энэхүү ураны төслийг БНФУ-ын төрийн өмчит “Орано майнинг” компани Монголын талаас “Бадрах энержи” компанитай хамтран хэрэгжүүлж байгаа юм. “Зөөвч-Овоо” ураны уурхайд 2028 оноос эхлэн 30 орчим жилийн хугацаанд уран олборлохоор төлөвлөсөн бөгөөд 2019-2021 онд газар ашигласны төлбөр болгож Дорноговь аймагт нийт 3.5 тэрбум орчим төгрөг төлжээ.

Харин уран олборлох тусгай зөвшөөрлийг 1.05 тэрбум төгрөгөөр авсан байна. Тус үйлдвэр нийт 104 орчим ажилтантай. Ажилчдын 96 хувь нь Монгол Улсын иргэд гэнэ. Мөн төсөл хэрэгжих хугацаанд 2 тэрбум ам.долларыг улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр төлнө. Түүнчлэн 72 оюутанд тэтгэлэг олгосон ба “Бадрах энержи” ХХК 34 хувийг эзэмшиж байгаа аж. Хоёр улсын байгуулсан гэрээний протколд хамгийн өндөр буюу 10-19 хувийн АМНАТ авна гэж заасан. Дээр нь бид 10 хувийн давуу эрхийн хувьцаа авч байгаа учраас ямар ч тохиолдолд төслөөс орж ирсэн ашгийн ихэнх хувийг Монгол хүртэнэ гэсэн үг.

Түүнчлэн ураны үнийг дунджаар 60-70 доллар гэж тооцвол төслөөс орж ирэх борлуулалтын орлого ойролцоогоор 12 тэрбум ам.доллар болно. Мөн нэмээд 3.2 тэрбум долларыг татвар, хураамж болгож авна.

3.4 тэрбум орчим доллар нь хөрөнгө оруулагчийн хувьцааны ногдол ашиг болж, үлдсэн хувь нь явцын хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны зардал байх юм. Тэгвэл уг төсөлд орон нутгийн засаг захиргаа хэрхэн оролцож, яаж ажиллах талаар Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал дараах тайлбарыг өглөө. Тэрбээр " Цөмийн энергитэй холбоотой төсөл нь нээлттэй, ил тод, хяналттай, аюулгүй байдлаа хангаж явах ёстой. Иргэд ч мөн ийм шаардлага тавьж байгаа. Мэргэжлийн байгууллагууд үнэн бодит мэдээллийг иргэдэд хүргэх ёстой. Тиймээс үнэн зөв мэдээлэл өгүүлэхээр бид ажиллаж байгаа. Уул, уурхайн төсөл арга хэмжээ хүний эрүүл мэндэд хоргүй, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангасан байх ёстой. Тиймээс уран олборлох төсөлд хуулийн дагуу шаардлагыг тавьж ажиллана" гэлээ. 

ВИДЕО: