"Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятадаар ярьж буй мэт хуурамч бичлэгийг олон нийтэд түгээсэн хоёр иргэнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан" гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

"Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятадаар ярьж буй мэт хуурамч бичлэгийг олон нийтэд түгээсэн хоёр иргэнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан" гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

Нийгмийн сүлжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятад хэлээр ярьж буй бичлэг цацагдсан бөгөөд өчигдөр /2023.11.19/ ЕТГ-аас "ташаа мэдээлэл" хэмээн мэдэгдсэн. Улмаар өнөөдөр /2023.11.21/ энэ талаар ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Дэд хурандаа С.Тайван мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 оны есдүгээр сарын 1-ны өдөр нийтэлсэн "Нийслэл Хар Хорум" нэртэй теле хичээлийн дүрс бичлэгийг өөрчилж Хятад хэлээр ярьж буй мэтээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн 38 секундийн хуурамч бичлэг БНХАУ-ын Өвөр монголын Өөртөө засах оронд үйл ажиллагаа явуулдаг Радио телевизийн "Талын дуу хоолой" гэсэн нэртэй пэйж хуудсаар олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Энэ асуудалд Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллагаас хойшилшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн М, А нар цахим орчинд түгээж үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийг эвдрэлцүүлэх, бусдын нэр хүнд, алдар хүндэд халдах, илтэд худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд арван нэгдүгээр сарын 20-ны өдөр тухайн иргэдээс сэжигтнээр мэдүүлэг авч, Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5-д заасны дагуу шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан байгаа.

Цагдаагийн байгууллагаас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд М,А нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасны дагуу Худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн яллагдагчаар татан, шалгаж байна" гэв.