Зариг.мн сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгийг "найман ишигний" гэх хэргээр "шүүхэд нөлөөлөхийг завдсан" гэж үзэн яллагдагчаар татжээ. Иймд сэтгүүлч Н.Өнөрцэцэг энэ талаараа Сүхбаатарын талбай дээр мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Арваннэгдүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаах газраас над руу залгаад ирж мэдүүлэг өг гэсэн. Миний хувьд “Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлэгтэй байгаа учраас дуусгаад мэдүүлэг өгье гэсэн юм. Гэтэл хэлэлцүүлэгтэй өдрийн маргааш "таныг ирж мэдүүлэг өгөхийг хүсэж байна" гэсэн прокурорын тогтоолыг надад танилцуулсан. Дуудсан цагт нь би очсон. Одоогоос хоёр хоногийн өмнө очиж, Улсын ахлах мөрдөгч Д.Амартүвшин гэх хүнтэй уулзсан юм. Тэр үед чухал форумд оролцох байсан тул орохоосоо өмнө мэдүүлэг өгье гэсэн боловч "амжихгүй юм байна. дараа ир" гэсэн. Тэр өдрөөс хоёр хоногийн дараа ир гэж хэлсэн. Харин энэ дуудах хуудас дээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу шүүхийн нэр төрд халдсан гэх үндэслэлээр дууджээ. Өмнөх дээрээ бол шүүхэд нөлөөлсөн гэх заалтаар давхар шалгана гэсэн байсан.
Шүүхээс намайг долоон үндэслэлээр шүүхэд нөлөөлөх буюу шүүхийн нэр төрд халдсан гэж үзэж байгаа.
Нэгдүгээрт, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд болсон "Найман ишигний шүүх хурал" дээр манай сайт гадна талд нь нээлттэй самбар ажиллуулж байна гээд самбар гаргасан. Түүнийг шүүхэд нөлөөлсөн, шүүхийн нэр төрд халдсан гэж үзэж байгаа юм.
Хоёрдугаарт, найман ишгийг уурхайчин залуу авчирсан хэрэг нь шүүхэд нөлөөлсөн гэж үзжээ.
Гуравдугаарт, "Намайн ишигний хэргээр 80 настай хөгшнийг цус харватал шүүж байна. Бусад ЖДҮ, хөгжлийн банк, нүүрсний хэрэгт холбогдсон хулгайчдаа шалгаач" гэсэн утгатай пост бичихэд шүүхэд нөлөөлсөн гэж үзсэн.
Дөрөвдүгээрт, "Найман ишиг яллаа" гэсэн пост бичихэд бас шүүхийн нэр төрд халдсан гэж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд би хангалттай их шалгуулж байгаа учраас айхгүй. Гэхдээ шууд ингэж яллагдагчаар татаж байгаа учраас би хэвлэл мэдээллийнхэн, ард түмнээсээ дэмжлэг хүсэж байна" гэсэн юм.